Уул уурхайгаас олсноо барилга байшинд зарцуулна
2018/11/09
УИХ 10 хувийн эрсдэлтэй төсөв баталсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Тэрбээр ирэх онд гадаад зах зээл дээрх түүхий эдийн ханш өндөр хэвээр хадгалагдана гэж харж байгаа бөгөөд ирэх онд уул уурхайн салбараас гурван их наяд төгрөг олно гэж тооцсон.
Энэ нь ирэх оны төсвийн нийт орлого болох 9.7 их наяд төгрөгийн 30 хувьтай тэнцэх дүн.
Тиймээс ирэх онд Монгол Улсын төсөв санхүүд учирч болзошгүй хамгийн том эрсдэлээр дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн уналт гэдгийг шинжээчдийн зүгээс сануулсан. Мөн ойрын хэдэн жил байгаагүй өөдрөг төсөв гэх тодотгол зүүлгээд амжсан. Гэвч УИХ-аас Засгийн газрын тооцоолсон дүнг хэвээр нь баталлаа. Тухайлбал, ирэх онд нэг тонн нүүрсний үнийг 80 ам.доллараар тооцоод, 42 сая тонн нүүрс экспортлоно гэж үзжээ. Улмаар 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх гэнэ. Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспорт тодорхой хэмжээгээр өссөн. Энэ хандлага ирэх онд хэвээр хадгалагдахаар байгаа нь ийн төсөөлөхөд хүргэсэн. Мөн олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн нэг тонн цэвэр зэсийн үнийг 6272.2 ам.доллар байхаар төсөөлжээ. Зах зээлийн хандлага, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн нийт экспортын хэмжээг 1.4 сая тонн байхаар тооцож, 2019 онд 1.3 их наяд төгрөгийн орлого зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлнэ. Үүнээс гадна нэг унци алтны ханшийг 1262 ам.доллар байхаар төсөөлсөн бөгөөд алт олборлогчдоос Монголбанкинд тушаах нийт хэмжээг 21 тонн байхаар тооцжээ. Харин газрын тосны экспортын хэмжээг 8.1 сая баррель байна гэж төсөөлж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж харж байна.
УИХ-аас ирэх оны төсвийн зардлыг мөн л Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд буюу зардлыг 11.6 их наяд төгрөг байхаар батлав. Төсвийн тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсанаар Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129.2 тэрбум төгрөгөөр, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон. Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, УИХ-ын Тамгын газрын урсгал зардлыг гурван тэрбум, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд тав тэрбум, Засгийн газраас хасаад байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум, нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болсныг дурдсан байна. Үүнээс гадна орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж УИХ-аас үзсэн. Түүнчлэн ирэх оны төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор 218 тэрбум төгрөг тусгав.
Ингэхдээ хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгө өгөх юм. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байна” гэж УИХ-ын зарим гишүүн үгээ хэлж байсан юм. Төсвийн хэлэлцүүлэг өрнөх явцад Ерөнхийлөгчийн зүгээс зураг төсөлгүй олон барилга байшингийн санхүүжилтийг тусгасан талаар шүүмжилж байв. Тэгвэл зураг төсөлгүй тусгагдсан барилгуудын зардлыг жишиг зурагт нь үндэслэн тавьж байгаа гэдэг тайлбарыг Төсвийн байнгын хорооны зүгээс өгсөн байна. Нийтдээ 2019 оны төсвийн жилд 1.2 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэх боломжтой байхаар тооцож, нийт 2.5 их наяд төгрөгийн өртөгтэй 877 барилга байгууламжийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, ирэх онд 117 сургуулийн барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулан 175.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөжээ. Тэгвэл “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд мөн онд 143 цэцэрлэгийн шилжих болон шинэ барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулж 144.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан байна. Мөн олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэлд өртөөд байсан УИХ-ын нэг гишүүнд таван тэрбум төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ-ын 76 тойрогт олон асуудал бий. Энэхүү таван тэрбум төгрөгөөр гишүүд тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. Харин зарим хүмүүс энэ мөнгийг гишүүд хувьдаа авч байгаа мэтээр улс төржүүлж байна” гэдэг тайлбар өгсөн. Үндсэндээ УИХ-ын даргын төрийн албаны зардлыг танаж, 10 хувийн хэмнэлт хийх, Ерөнхийлөгчийн 1.4 их наяд төгрөг буюу өргөн мэдүүлсэн төслөөс 15 хувийг хасч, хөдөө аж ахуйн паркад хөрөнгө оруулах зэрэг асуудал чуулганаар дэмжигдсэнгүй.
Улмаар төсвийн алдагдлыг Сангийн яамнаас тооцоолсончлон 1.9 их наяд төгрөг байхаар баталсан. Урд жилүүдэд Засгийн газраас төсвийн алдагдлаа санхүүжүүлэхээр өндөр хүүтэй дотоодын бонд гаргадаг байсан бол ирэх оны төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл авахгүйгээр нөхнө гэж тооцсон байна. Ингэхдээ 1.3 их наяд төгрөгийг гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжаар, үлдсэн 600 тэрбумыг судалж байгаа гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Ийнхүү төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүд батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг 2019 онд найм хувь, 2020, 2021 онуудад тус бүр зургаан хувьтай байх, харин энэ хугацаанд хэрэглээний үнийн өсөлтийн түвшин жил бүр найман хувьтай байна гэж тооцож байгаа юм.
Үндэсний шуудан сонин
lkhavasuren · 2018/11/10