БСШУС-ын сайд төрийн өмчит их дээд сургуулиуд дээр ажиллалаа

Салбарын яамнаас төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Уг ажлын хэсэг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бэлтгэл ажилтай танилцаж, нөхцөл байдалд үнэлгээ хийн, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан болон 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын явцыг хянаж, дутуу бол гүйцэтгэлийг нь эрчимжүүлэх зорилготой юм.
 


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон ажлын хэсгийнхэн өчигдөр ХСИС /Хууль сахиулах их сургууль/, ҮБХИС /Үндэсний батлан хамгаалах их сургууль/, АШУҮИС /Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/-уудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан, өвөлжилтөд бэлэн эсэхтэй танилцлаа.

Өөртөө арваад сургуулийг багтаасан томоохон айл болох ХСИС-ийн хувьд хичээлийн шинэ жилээ угтахад бэлэн болсон байна. Тус сургуулийн анги танхимаас будаг ханхалж, сонсогчдоо хүлээн авахаар хүлээн байлаа. Мөн өвөлжилтийн бэлтгэлээ хангасан тул айх аюулгүй ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй болжээ. Энэ жилийн элсэлтээ тус сургууль авч одоо шинэхэн сонсогчдоо цэргийн бэлтгэлд гаргасан байна.

Салбарын сайд Ц.Цогзолмаа хичээлийн байр, багш нарын заах аргачлалын талаар “Аливаа сургуулийн чанар нь багшийн ур чадвар, хичээллэх нөхцөлтэй шууд холбоотой. Сургууль төгсөгч нь нэг жилийн дотор ажлын байртай болж байна уу, үгүй юу гэдгээс тухайн сургуулийн чанар, чансаа харагддаг” гэдгийг онцоллоо. Мөн зөвхөн лекц сонссоноор сайн боловсон хүчин бэлтгэгдэхгүй. Тиймээс дадлага ажил хийлгэж, оюутан сонсогчдыг бүтээлч байдалд сургах нь чухал гэж хэлсэн юм. Багш нарын хувьд тухайн сургуульдаа тогтвортой ажилласнаар заах арга барил нь сайжирч, илүү ихийг залууст сургаж чадна хэмээлээ.
 


Учир нь, нэг багш хоёроос гурван сургуульд цагийн багш хийж, тогтвор суурьшилгүй, үр дүн багатайхан хичээл зааж байгаа учир үүнийг зогсоох шаардлагатай болсон байна. ХСИС-ийн хувьд төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангадаг бөгөөд сонсогчдоо чадавхижуулахад маш их анхаардаг ажээ. Тусгай мэргэжлийн анги ч бий болгон, ховор мэргэжлийн чиглэлээр ч сургасаар байгаа юм байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сургуульд хэрэгтэй техник тоног төхөөрөмж асуудалд анхаарч, хүсэлт тавьсан тохиолдолд тодорхой дэмжлэг үзүүлж болохыг дуулгалаа.
 



Үүний дараа ажлын хэсгийнхэн ҮБХИС дээр ажиллаж, ажил байдалтай танилцав. Тус сургуулийн хувьд энэ оны долдугаар сард элсэлтээ авч дууссан бөгөөд нийслэл болон Дархан-Уул, Орхон, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт цахим хэлбэрээр бүртгэл явуулжээ. Элсэн орогчид цэргийн бэлтгэл хийх хээрийн ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх үед ирэх юм байна. Оюутан, сонсогчдыг хүлээн авах хичээлийн байрууд тохилог, суралцах орчин нь бүрдсэн гэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэлээ ч сайтар хангажээ.



ҮБХИС-ийн хувьд 10 жилийн сургалтаас авахуулаад докторын сургалт явуулдаг улсдаа цор ганц гэж хэлж болох батлан хамгаалах чиглэлийн сургууль юм. Тус сургуулийн хашаанд байрлах “Тэмүүжин өрлөг” дунд сургууль нь арван жилийн боловсрол олгодог. Тус сургуулийг төгсөгчдөөс тодорхой тооны сурагчдыг дөрвөн жилийн сургалттай их сургуулийн ангидаа элсүүлэн авдгийг захирал П.Жаргалан хэллээ. Мөн тус сургууль 2030 он хүртэлх Хөгжлийн стратегийн замаа зураглаж, олон улсын зэрэглэлд нийцсэн сургалттай, боловсон хүчний чадавхитай болох зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй оронтой гадаад харилцаа тогтоож, хамтын ажиллагаатай болсноор суралцагчдаа солилцох, гадаадад багш нараа чадавхижуулж мэдлэг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь сайшаалтай аж.


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Та бүхний хийж байгаа ажилд талархал илэрхийлж байна. Хэдий цэргийн сургууль ч гэлээ дээд боловсрол олгодог учир заавал стандарт хангах ёстой. Та бүхэн ч үүнийг сайн хангаж яваа. Залуус цэрэгт явахгүй зугтах болсон энэ цагт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Үүнийг хэрэгжүүлснээр залуучууд маань эх орноо хайрлах, хамгаалах, бие хүн болон төлөвших том алхам болж чадлаа” гэж онцолсон юм. Үүнээс гадна зөвхөн онолд суурилсан хичээлээс зайлсхийж практик голлосон арга барил хэрэгжүүлж байгаа нь ажлын хэсгийнхэнд их таашаагдлаа.


Тус сургуулийн багш нарын зүгээс салбарын сайдад хүүхдийн цэцэрлэг шийдэж өгөхийг хэлж, хэрвээ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэл газрын асуудлыг сургуулийн хэрэгцээний тойрогт гаргаж болно гэсний дагуу сайд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн төсөв хөрөнгийг дараа жилийн төсөвт суулгаж өгөхөөр боллоо. Энэ нь, багш нарын нийгмийн асуудлыг шийдэж буй нэг томоохон алхам юм.  

Үүнээс гадна салбарын сайд сургуулиудын удирдлага багш нар сонсогч, оюутнуудтайгаа хамтран ямар нэгэн төсөл хэрэгжүүлж, гарааны компани байгуулан ажиллавал дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.