Эдийн засаг хямарч өнгөрөгч онд цөөнгүй компаниуд үүдээ барьсан. Өдгөө улсын төсвөө тасралтгүй байлгахын тулд цалин, тэтгэвэр нэмэхгүй танах шийдвэр гаргасан. Энэ онд иргэдийн дундаж цалин нэлээдгүй өндөр гарав. Гэхдээ үүнтэй иргэдийн дийлэнхи хувь нь санал нийлдэггүй. Тэгвэл гуравдугаар улиралд дундаж цалин хэд болсон бэ гэдгийг хүргэж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны гуравдугаар улиралд нийт 35 мянган 900 зуун аж ахуйн нэгж, байгууллагын 580.4 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын 30.6 мянга буюу 5.3 хувь нь 192 мянган төгрөг хүртэлх цалинтай, 64.6 мянга буюу 11.1 хувь нь 192- 300 мянган төгрөгийн цалинтай, 115.7 мянга буюу 19.9 хувь 300-500 мянган төгрөгийн цалинтай, 205.7 мянга буюу 35.5 хувь нь 500-900 мянган төгрөгийн цалинтай, 92.3 мянга буюу 15.9 хувь нь 900-1 сая 300 мянган төгрөгийн цалинтай, 20.5 мянга буюу 3.5 хувь нь 1300.000-1сая 500 мянган төгрөгийн цалинтай, 51.1 мянга буюу 8.8 хувь нь 1 сая 500 мянган төгрөгөөс дээш цалин авдаг аж.

 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 192 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 0.7 мянгаар, 192-300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.5 мянгаар, 300- 500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 15.3 мянгаар, 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.7 мянгаар, 700- 900 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.9 мянгаар, 900-1 сая 100 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 22.4 мянгаар нэмэгджээ. Харин 1.100-1.300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 28.1 мянгаар, 1.300- 1.500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3 мянгаар буурав.

Эдгээр иргэдийн сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2088.8 мянган төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 573.9 мянган төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)- ын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 587.2 мянган төгрөг, 10- 49 ажиллагчтайнх 709.6 мянган төгрөг, 50- 99 ажиллагчтайнх 794.6 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 836.0 мянган төгрөг, харин 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1132.3 мянган төгрөг байгаа аж.

Ийнхүү дээрх судалгаагаас харахад иргэдийн дундаж цалин 500-900 мянган төгрөг гэж хэлж болох нь ээ. Гэвч бодит амьдрал дээр иргэдийн дийлэнхи нь 300-600 мянган төгрөгийн цалинтай байдаг.