Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий.

Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Дөлгөөн болон Өмнөд Солонгосын жүжигчин Kim Go-eun нарыг онцоллоо.

 

Монголын хамгийн залуу Жульетта

Монголын театрын хийгээд дэлгэцийн бүтээлүүдэд өөрийн гэсэн орон зайг тодотгож яваа уран бүтээлчдийн нэг бол жүжигчин О.Дөлгөөн. Үзэгч фэнүүд нь түүнийг  “Хөөрхөн” Дөлгөөн хэмээн тодотгодог. Тэрээр 1991 оны зургадугаар сарын 5-нд төрсөн. Гурван хүүхэдтэй айлын дундах нь юм. 2008 онд ерөнхий боловсролын V дугаар сургуульд суралцаж төгссөн байна.

2008-2012 онд СУИС-ийн кино драмын ангид жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн нь хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлсэн цаг үе байв.  Үргэлжлүүлэн Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор мастерын зэрэг хамгаалжээ. Ийнхүү мэргэжлийн карьераа жүжигчний мэргэжлээр суралцаж байх хугацаандаа эхлүүлж энэ цаг үеэс олон, олон  дүрээр тайз хийгээд дэлгэцийн уран бүтээлүүдэд тодоор гялалзаж явна.

2011 он түүний хувьд ирээдүйдээ гэрэлтэх цаг үеийн эхлэл байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр дэлгэцийн анхны гол дүр болох  “Амьдралд тавтай морил” олон ангит киноны Золоо, анхны туслах дүр нь “Хайрын эрэлд” киноны Солонго хэмээх эмэгтэйн дүрээр урлагийн карьераа эхлүүлсэн. Мөн  2011 оноос эхлэн “Мөрөөдлийн театр”-т жүжигчнээр ажилласан байна. Ийнхүү  2012 онд сургуулиа төгссөний дараа “Мөрөөдлийн театр”-таа үргэжлүүлэн ажиллажээ.

Энэ үед УДЭТ-ын жүжигчнээр ажиллах саналыг тухайн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тавьжээ. Ийнхүү тэрээр УДЭТ хэмээх том айлын гишүүн болж, дэлхийн олон гайхалтай бүтээлийн дүрээр тайзнаа гарсан чадварлаг уран бүтээлчдийн нэг.

Тэр бол алдарт Уильям Шекспирийн зохиол “Ромео ба Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээсэн Монголын хамгийн залуу жүжигчин. 2015 онд  буюу 24 настайдаа театрын эмэгтэй жүжигчин бүрийн ажиллахыг хүсдэг мөрөөдлийн дүр болох Жульеттагаар нэгэн цаг үед амьдарч, амьсгалж байв. Мөн энэ цаг үед түүний ажилласан томоохон дүр бол  “Гамлет” жүжгийн Офелиагийн дүр байв.

Тэрээр УДЭТ-ын жүжигчин болсон хойноо театрын ханан дахь өөрийн зургийг хараад мөрөөдөл минь биеллээ хэмээн бодсон гэдэг. 

Жүжигчин О.Дөлгөөнийг тодотгох томоохон дүрүүдийн нэг “Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Хүннү гүрний Арчуг хааны бага хатан Гүргэл юм.

 

Тайзан дээрээс буухыг хүсэдэггүй Юн Гёг

Өмнөд Солонгосын чадварлаг жүжигчдийн нэг бол Kim Go-eun.  Мөн түүнийг хамгийн царайлаг эмэгтэй жүжигчдийн нэг хэмээн тодорхойлдог.  Тэрээр  1991 оны 7 сарын 2-нд төрсөн. Солонгос нэр нь 김고은.  Түүнийг гурван настай байхад нь  гэр бүл нь  Бээжин рүү нүүж, тэнд арван жил амьдарсан байна. Тиймээс хятад хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ.

Тэрээр Хятадын шилдэг бүтээлүүдийн нэг болох  “Together With You” киног олон удаа үзсэний дараа  найруулагч болох мөрөөдөлтэй болжээ. Ийнхүү тэрээр Өмнөд Солонгост буцаж ирээд Кайвон ахлах урлагийн сургуульд сурч, Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуульд жүжигчин мэргэжлээр суралцсан байна.

Тэрээр анхны уран бүтээл   болох  “Eungyo” кинонд 2012 онд тоглосон байдаг. Мөн  жүжигчний карьераа эхлүүлсэн цаг хугацаанаас хойш  Өмнөд Солонгосын шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагналыг хэд хэдэн удаа хүртэж байжээ. Мөн тэрээр  “Cheese in the Trap”, “Guardian: The Lonely and Great God”,  Yumi’s Cells “зэрэг телевизийн цуврал кинонуудад тоглосон дүрүүдээрээ алдартай.

Тэрээр  2012 онд  буюу 21 настайдаа “A Muse” кинонд 17 настай ахлах сургуулийн сурагч Юн Гёгийн дүрд тоглосон түүний карьерыг улам нэмсэн юм. Уг киноны дүрээрээ 2012 оны шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байв. Тэрээр “A Muse” киноныхоо найруулагч  Жун Жи Вутай найз нарынхаа хүрээгээр танилцаж байжээ. Тухайн үедээ киноны сонгон шалгаруулалт явагдаж байгааг ч мэдээгүй байсан гэнэ. Энэ тухайгаа “Би найруулагчтай ярилцсаны дараа сонгон шалгаруулалтад орсон. Надад бэлтгэх цаг ч байгаагүй” гэжээ. Ийнхүү тэрээр 300 орчим жүжигчдээс  шалгарч  “A Muse” кинонд тоглож байжээ. Тэрээр жүжигчин мэргэжлийнхээ тухай “Би анх тайзан дээр гарахдаа маш их сандарч байсан. Цаашдаа жүжигчнээр ажиллах нь хэцүү юм байна гэж бодсон. Харин хоёр дахь тоглолтоосоо хойш тайзан дээрээс буухыг хүсээгүй. Маш их сэтгэл догдолсон” хэмээжээ.

“A Muse” киноны дараа хэд хэдэн киноны санал ирсэн ч жүжигчний ажлаасаа түр хугацаанд завсарлаж, сургуулиа төгсөхөөр коллежид буцаж орсон байна. Ийнхүү тэрээр 2014 оноос  дэлгэцийн  хэд хэдэн уран бүтээлд ажиллаж жүжигчний  карьераа үргэлжлүүлсэн байна. Түүний онцлох уран бүтээлүүдийн нэг бол 2015 онд Ким Хе Сугийн хамт 1980 оны Японы зохиол Coin Locker Babies-ээс сэдэвлэсэн эмэгтэйчүүдийн сэдэвтэй триллер “Coin Locker Girl” кино. Үүний дараа 2015 оны Канны фестивальд найруулагч, жүжигчдийн хамт анх удаа уригдсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин