МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийн талаар ярилцсанаа өмнөх дугаарт хүргэсэн билээ. Үргэлжлүүлээд бид эрчим хүчний реформ, төр засгийн үйл ажиллагаа, татварын бодлогын сэдвээр хөөрөлдсөнөө хүргэж байна.


-Өмнөх ярилцлага маань нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг тавих талаар эхлээд дууссан. Та Ерөнхийлөгчийн тамгын газрын захирамжаар байгуулагдсан устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдож байсан байх аа. Бид устөрөгчийн эрчим хүчийг ашиглах ойрын ирээдүй байна уу?

-2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт, хөгжүүлэлтийг хийх зорилго бүхий төр хувийн хэвшлийн оролцоо бүхий ажлын хэсгийг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энд эрдэмтэн судлаачид, төр байгууллагын албан тушаалтнууд, хувийн хэвшлийнхэн байгаа. Устөрөгчийн үйлдвэрлэлийн чиг хандлага, ирээдүйн хөгжүүлэлттэй хоцрохгүй, одооноос Монгол Улс хөл нийлэх үүднээс Япон Улсын судалгааны “Unico International Corporation” гэдэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг консалтинг компанитай хамтран 2022 оноос хойш судалгааны ажлууд хийсэн. Урьдчилсан ТЭЗҮ-ийг өнгөрсөн есдүгээр сард бүрэн эхээр нь хүлээж авлаа. Энэ ТЭЗҮ-ээр устөрөгч бол ирээдүйн асуудал гэдэг нь тодорхой боллоо. Дэд бүтэц хэрэглээ хараахан өргөн хэмжээнд бий болоогүй.

Гэхдээ дэлхийн томоохон гүрнүүд хөгжүүлэлтийг маш эрчимтэй хийж байна. Өргөн хэрэглээ аажим аажмаар ойртож л байна. Монгол Улсын хувьд хамгийн ихээр тулгамдсан асуудал нь Улаанбаатар хотын агаарын бохирдол.

Өнөөдөр дулааны станцууд бүгд нүүрс түлж байна. Улаанбаатарт зайлшгүй дулаан шаардлагатай. Эхний ээлжинд нүүрсний оронд хий ашиглая гэдэг гаргалгааг эрдэмтэд дэвшүүлсэн. Ингээд судалгааны анхны урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахдаа Улаанбаатарыг хатуу биш, хийн түлшээр дулааны хэрэгцээгээ хангах зорилт тавьсан гэсэн үг. Гэтэл диметилийн эфир гаргаж авах үйлдвэрийн хөгжүүлэлт дэлхий дахинд зогссон юм байна. Тэгвэл өөр хувилбар нь метанол. Энэ бол нүүрсхимийн үйлдвэрийн талх. Япончуудын хувьд устөрөгчийн өргөн хэрэглээ бий болох хүртэл Та нар устөрөгч гарган авахад зайлшгүй дамжих дамжлагуудыг сайн эзэмшээд авах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч байгаа. Тиймээс 250 мянган тонн метанол гаргаж авах урьдчилсан ТЭЗҮ хүлээгээд авчихлаа. Ирээдүйд устөрөгчийнхөө чиглэл рүү явахад дамжих л нэг шат гэсэн үг.

-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ?

-Үйлдвэрийн технологийн хувьд маш өндөр өртөгтэй. Тэглээ ч Монгол Улс нэг цонхны бодлогоор зоригтой хөгжүүлэх ёстой. Ер нь 250 мянган тн метанол үйлдвэрлэхэд урьдчилсан ТЭЗҮээр 250иад сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа. Дээр нь нүүрсхүчлийн давхар ислийн хий барих, хадгалах, булшлах гээд энэ чиглэлийн ажилд 130аад сая ам.доллар зарцуулагдах юм билээ.

-Энэ их мөнгийг яаж босгох вэ?

-Эхний ээлжинд бид Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг бууруулах үүднээс метанол гаргах шаардлага үүслээ. Төсөл маань эдийн засгийн хувьд үр өгөөж муутай болоод ирж байгаа юм. Одоо энэ төслийн нарийвчилсан ТЭЗҮийг Хятадын “Сетек” гэдэг инженерингийн том компаниар хийлгүүлэхээр болсон. Эднийх дэлхийд үнэлэгдсэн нүүрс хийжүүлэх зуухнуудын технологийн патентыг эзэмшдэг ба илүү сайжруулалт хийсэн онцлогтой компани. Ковидын жилүүдэд Хятад улс хаалттай байх хугацаандаа нүүрсхимийн аж үйлдвэрээ маш өндөр хэмжээнд хөгжүүлчихлээ шүү дээ. Устөрөгчийн үйлдвэр байгуулчихлаа. Устөрөгчөөр ажилладаг автобус, унаанууд хүртэл зах зээлд нийлүүлээд эхэллээ. Тэгэхээр бид алс холоос биш, урд хөршөөсөө суралцах зүйл их байна. Энэ утгаараа Сетек групптэй бид нарийвчилсан ТЭЗҮ болосвсруулах гэрээ хийсэн. Тэдний зуухан дээр туршилт хийж үзсэн. Манай нүүрс тохирч байгаа.

Ирээдүйд Монгол Улс устөрөгч үйлдвэрлэхээр япончууд манайхаас импортолж авах санаа байгаа. Гэтэл бид үйлдвэрээ хаана байгуулах вэ гэдэг асуудал үүснэ. Нүүрс-химийн үйлдвэр маш их хэмжээний ус, эрчим хүч хэрэглэдэг. Японы судалгааны багийнхан Монголын бүхий л нүүрсний сав газруудыг, дэд бүтцийг судалж үзсэн. Туршилт хийсэн. Туршилтаар зүүн бүсийн Адуунчулууны нүүрс хийжих чадамж өндөртэй гэдэг нь тогтоогдсон. Саяхныг хүртэл олон дахин туршилтууд хийлээ. Ирэх оны тавдугаар сард нарийвчилсан ТЭЗҮ нь дуусна. Гэтэл хөрөнгө оруулалтынхаа 250 сая ам.долларын санхүүжилтийг шийдэхэд бас хүндрэлтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэмжээнд төслүүдээ бэлэн болгосны дараагаар олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж болох байх. Гол үндсэн зорилго маань Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шүү дээ.

Ер нь явж, явж Монгол Улсын хөгжлийн асуудлуудыг шийдэхэд нэг л зүйл дутуу байна.

-Төрийн зөв бодлого уу?

-Эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бүрдүүлж өгөх. М.Энхсайханы Засгийн газрын үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь тухайн цаг мөчлөгт хамгийн чухал асуудал байсан. Тиймээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж тусгайлан гаргасан. Энэ хуулиар Монголд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд эхний таван жилдээ ААН-ийн албан татварыг 100 хувь чөлөөлнө. Дараагийн таван жилд нь 50 хувь чөлөөлөх боломжийг олгосон. Ийм хууль эрх зүйн таатай орчныг гадаадын буюу гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид, хятадууд орж ирээд ашиг хийгээд гараад явсан. Тухайн үед би тэр хуулийг шүүмжилж байсан хүмүүсийн нэг. “Яагаад заавал гадаадынхан гэж байгаа юм бэ. Ялгаа байхгүй дотоодын бизнесийн салбарынхан чинь Монгол Улсынхаа хөгжилд зориулж жижиг, дунд, том үйлдвэр байгуулах үндэс суурийг нь хөрөнгө оруулалтынхаа хуулиар дэмжээд явах хэрэгтэй” гэсэн хатуу байр суурьтай байв. Улмаар тухайн үеийн Ерөнхийлөгч дээр хүртэл орж, “Монгол Улс монгол хүнээ ад үзсэн байдлаар ялгавартай хандаж болохгүй. Бид Монгол Улсынхаа төлөө юм бүтээж, хиймээр байна шүү дээ. Гэтэл бидэнд татварын том босго тавьчихлаа. Эрээний хэдэн хятад татварын хөнгөлөлт эдлээд ашиг хийгээд гарчихна шүү дээ” гэж саналаа хэлж байлаа. Хэрэв тэр хууль эрх зүйн боломжийг монголчууд хүртэж чадсан бол өнөөдөр маш олон жижиг, дунд үйлдвэр хөгжилд хүрсэн байх байлаа. Аливаа ухаантай улсын бодлого нь өөрийн иргэдээ нэгдүгээрт тавьдаг. Гэтэл манайд эсрэгээрээ, монгол хүнээ дорд үздэг. Ийм байдлаар улс орон хөгжихгүй. Тэгэхээр бодлогын хувьд сэтгэлгээний том өөрчлөлт хийх ёстой. Парламентад сууж буй 126 гишүүн ерөөсөө монголчуудынхаа хүний эрүүл мэндийн асуудлыг онцгойлон авч үзээд, хөрөнгө оруулалтын болон татварын таатай орчныг бүрдүүлсэн хууль эрх зүйн асуудлыг нэн тэргүүнд гаргах хэрэгтэй.

-Аж ахуйн нэгжүүд томорч чаддаггүй гол шалтгаан яалт ч үгүй татварын дарамт байдаг. Та бизнесийн салбарын томоохон төлөөллийн хувьд төр засгийн үйл ажиллагаа, татварын бодлогын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол Улс ганц ширхэг хадаас ч үйлдвэрлэдэггүй орон. Бүгдийг гаднаас худалдаж авч байна. Тэгэхээр дэлхийд үнэлэгдсэн өндөр технологиудыг Монголдоо нутагшуулахаар зорьж буй аж ахуйн нэгжүүдийг импортын НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх хэрэгтэй. Монгол Улсад тэр хэдэн төгрөг нь чухал уу, иргэдийнх нь эрүүл мэнд хэрэгтэй байна уу гэдгийг дэнслэх хэрэгтэй. Магадгүй татварын таатай орчныг бүрдүүлээд өгчих юм бол үндэсний хэмжээний компаниуд, хувийн хэвшлийнхэн өндөр өртөгтэй хагас коксын болон метанолын үйлдвэрүүдийг байгуулж чадна.

-Уг нь хууль эрх зүйн хүрээнд ийм боломжийг нь олгочихвол төрийн нуруун дээрх ачаа л нимгэрнэ дээ…

-Тэр ойлгомжтой асуудал. Одоо эрчим хүчний реформ идэвхтэй яригдаж байгаа энэ цаг үед анхаарах хэрэгтэй. Хамгийн хямд өртөгтэй эрчим хүчний үйлдвэрлэл бол нүүрсэн дээр түшиглэсэн дулааны цахилгаан станц. Өнөөдөр Хятад улс аль болох нүүрсхүчлийн хий бага ялгаруулах үүднээс цахилгаан станцуудын ашигт үйлийн коэффициентоо нэмэгдүүлж байна. Ердийн цахилгаан станцын ашигт үйлийн коэффициент 33 хувь байдаг. Үүнийг МАКийн хэрэгжүүлж байгаа цахилгаан станцын төсөл дээр 4042 хувьд барина. Ашигт үйлийн коэффициентийг нэг хувиар нэмэгдүүлэхэд нүүрс хүчлийн давхар исэл 23 хувиар буурдаг тогтолцоотой. Иймд МАК цахилгаан станцын бүхий л тоног төхөөрөмжийг импортолно. Тэгэхээр импортын НӨАТ, гаалийнхаа татвараас чөлөөлөх хэрэгтэй. Тэгэх юм бол аж үйлдвэрүүд хөгжинө. Улмаар татварын сууринд тэлэлт бий болно, төсөв ашигтай гарна. Тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй улсын хувьд импортын НӨАТ, гаалийн татварыг чухал салбарууд дээрээ чөлөөлөх л ёстой. Ингэж чадвал жинхэнэ эх оронч шийдвэр болно. Үр дүнд нь олон мянган хүн ажлын байраар хангагдана. Тэр хэрээр ард түмний амьдралын асуудлууд шийдэгдэнэ. Маш энгийн логик байгаа биз дээ. Гэтэл манайхан яаж ахиу татвар авч төсөв бүрдүүлэх вэ, яаж урсгал зардлаар хэтрүүлснээ хаах вэ гээд өнөө, маргаашийн сэтгэхүйгээр хандаад байх юм. Үүн дээр Эдийн засаг, хөгжлийн яам бодлого тодорхойлох ёстой. Энэ яам ирээдүйгээ харсан бодлого, үйлдвэржилт, ажлын байр бий болгох, эдийн засгаа эрүүлжүүлэх чиглэл рүү зоригтой том шийдвэр гаргах хэрэгтэй.

-Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний эх үүсвэр хамгийн чухал. Сая эрчим хүчний реформыг эхлүүллээ. Яавал энэ салбарын хөгжлийг хурдасгаж чадах вэ?

-Бид юун түрүүнд эрчим хүчнийхээ эх үүсвэрийг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний реформын хүрээнд зөв зүйтэй алхмуудыг нэлээд хийж хэрэгжүүлэхээр ярьцгааж байна. Эхний ээлжинд эрчим хүчний тарифыг өртгийн хэмжээнд хүргэж нэмэгдүүллээ. Ирэх жилээс дулааны тарифыг нэмэгдүүлнэ гэсэн. Ер нь манай улсын эрчим хүчний салбар ХХ зууныхаа түвшинд байгаа болохоор хөгжиж чадаагүй. Зах зээлийн эдийн засагт ороогүй салбарын нэг л дээ. Үүнийг бүх нийтээрээ ойлголоо. Эрчим хүчгүйгээр Монгол Улс хөгжлийн тухай санах ч хэрэггүй. Өмнөх Засгийн газрын үед би Аж үйлдвэрийн үндэсний хорооны дэд даргаар ажиллаж байсан. Энэ үндэсний хороо дотроо Гангийн үйлдвэрийг хөгжүүлэх, Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийг хөгжүүлэх, Нүүрсний гүн боловсруулалтын гэх зэрэг дөрвөн дэд хороотой байв. Миний хувьд дэд хороод дээр анхаарч ажилласан. Боловсруулах үйлдвэрүүдийг байгуулъя гэхээр эрчим хүчин дээр очоод гацдаг. Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь битгий хэл, суманд жижиг үйлдвэр байгуулахад техникийн нөхцөл өгөхөө больчихсон. Эрчим хүчний эх үүсвэр байхгүй болохоор тэр шүү дээ. Тиймээс МАК эрчим хүчний асуудлыг онцгойлон анхаарч хөгжүүлэх хэтийн зорилттой ажиллаж байна. Эрчим хүчийг богино хугацаанд хурдан хөгжүүлэх нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал. Засгийн газар, УИХын гишүүд үүнд нэлээд анхаарч байгаа байх. Эрчим хүчнийхээ реформыг олон улсын жишигт нийцэх хэмжээнд хөгжүүлээсэй гэдэг хүлээлт, хүсэлт байгаа. Элдэв зөвшөөрөл, хүнд суртлыг хялбаршуулах ёстой. Улмаар гадны хөрөнгө оруулалт татахын тулд үнэ тарифын асуудалд уян хатан бодлого чухал. Эрчим хүчний хангамж сайжраад ирэхээр чөлөөт зах зээлийнхээ зарчмаар аяндаа үнэ тариф ч буурна.

Энэ реформын хүрээнд өрсөлдүүлэх байдлаар эрчим хүчнийхээ үнийг буулгах гаргалгаа надад их таалагдсан. Мэдээж хүн болгоны амьдралд хэрэгтэй зүйл. Өнөөгийн зуунд эрчим хүчгүйгээр хүн амьдралаа төсөөлөх аргагүй болчихлоо. Наад зах нь гар утсаа цэнэглэх хэрэгцээ шаардлага бий биз дээ.

-Эрчим хүчний реформ хэзээнээс монголчуудад үр өгөөжөө өгч эхлэх бол. Тарифаа нэмэхгүй л бол цахилгаан станцууд хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд бэлэн байна гэсээр байгаад үнэ нэмсэн. Гэтэл цахилгааны хязгаарлалт энэ өвөлжин үргэлжлэх бололтой. Ер нь ингэж тогоо таслах байсан юм бол яах гэж тариф нэмсэн юм гэх нийгмийн бухимдал үүслээ. Реформоор халхавчлаад ард түмнээ молигодчихсон юм биш үү?

-Өвлийн цагт Улаанбаатар хотод өдөр алгасалгүй ээлж дараалан цахилгааны хязгаарлалт хийх нь иргэдэд бухимдал төрүүлж буй нь үнэн. Өнгөрсөн хугацаанд алдсан зүйл бидэнд их бий. Миний хувьд бизнесийн салбарын зовлон жаргалыг биеэрээ туулж яваа хүний хувьд ирээдүйд эрчим хүчний асуудал улам хүнд байдалд орно гэдгийг мэдрэхийн дээдээр мэдэрч байсан. Ялангуяа МАК Монголдоо аж үйлдвэрийг хөгжүүлэх том зорилготой. Тиймээс эрчим хүчгүйгээр цааш явахгүй гэдгийг хамгийн түрүүнд ойлгож байв. Эрчим хүчний салбараа хөгжүүлэх ямар боломжууд байгаа талаар төр засагт хүртэл саналаа уламжилж байлаа. Тухайлбал, 2008 онд шиг санаж байна, С.Баярыг Ерөнхий сайд байхад эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх санаануудыг хэлж байсан юм.

-Энэ талаар тодорхой хэлж болох уу. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжуудыг та хэрхэн харж байв?

-Тухайн үед цахилгаан станцуудаа нүүрсний уурхайнуудтайгаа хамтад нь нэг багц болгоод хувьчилбал хаа, хаанаа ашигтай. Өнөөдрийнх шиг хүнд нөхцөлд орохгүй байсан юм. Жишээлбэл, “ТЭЦIII”ыг Багануурын нүүрсний уурхайтай, “ТЭЦ IV”ийг ШивээОвоогийн нүүрсний уурхайтай нэгтгэж болох талаар маш тодорхой шийдлүүдийг тавьж байв. Яагаад гэвэл би тэр үед нүүрсний уурхайнуудын ТУЗд байсан учраас энэ салбарын хүндрэл бэрхшээлийг маш сайн мэднэ. Нүүрсний уурхайнууд асар их өр зээлтэй болохоор технологийн шинэчлэл хийж чаддаггүй. Олборлолтын өртөг зардлаа хямдруулах боломж муу. Нүүрсээ станцуудад өгчихөөр буцаад төлбөр нь шуурхай орж ирдэггүй. Ийм маягаар өндөр өртөгтэй олборлосон нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхэд ашиг нь мэдээж бага байна. Өнгөрсөн хугацаанд гарсан төрийн бодлогууд ард иргэдийнхээ нуруун дээр эрчим хүчний үнэ тарифын өсөлтийг үүрүүлэхгүй байхыг зорьж ирсэн болохоор миний саналыг хүлээж аваагүй хэрэг.

-Аль арав гаруй жилийн өмнө таны хэлсэн энэ саналыг ажил хэрэг болгосон бол өдийд бид хямд эрчим хүч хэрэглэх боломж байжээ. Одоо энэ реформынхоо хүрээнд эрчим хүчний либералчлалыг яаж явуулах хэрэгтэй вэ?

-Хэрэв цахилгаан станцуудад нь уурхайнуудыг өгчихвөл хамгийн хямд өртөгтэй нүүрс олборлох тал руугаа явна. Нүүрсний уурхайгаа ингэж дэмжсэнээр хамгийн өртөгтэй нүүрс олборлоно. Нүүрс хямд байвал хямд эрчим хүчээ хямд өртгөөр үйлдвэрлэнэ. Хоорондоо уялдаа холбоотой. Нэг хуулийн этгээдэд хамтад нь өгчихвөл эрчим хүчний салбар сэхээнээс гарах ийм боломжтой байв. Багануурын нүүрсний уурхайн 25 хувь нь хувьчлагдсан. Төрийн мэдэлд 75 хувь нь байгаа. Үүнийхээ 51ээс доошгүй хувийг нь Хөрөнгийн бирж дээр гаргаад мөнгө босгож, хөрөнгө оруулалт хийх ёстой. Цахилгаан станцтайгаа хувьчлалын асуудлыг хамтад нь явуулах хэрэгтэй. Ийм реформын өөрчлөлтийг С.Баярын Засгийн газрын үеэс л хөндөж байлаа. Эрчим хүчний реформ хийж буй энэ цаг үед эдгээр санаануудыг тусгавал мэдээж үр дүн гарна. Үнэ тарифыг нэмэгдүүлэх нь нэг л боломж. Харин нөгөө талд нь цахилгаан станцаа ажиллуулах нүүрсний уурхайтайгаа хамтад нь авч үзэх хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй танилцахад аль болох төрийн оролцоог багасгая гэж байгаа юм билээ. Төрийн өмчит газрууд дандаа алдагдалтай ажилладгийн жишгээр цахилгаан станцууд ч ялгаагүй адилхан байгаа. Тиймээс одоо төрийн нурууг хөнгөвчлөөд зах зээлийнхээ жам ёсоор зоригтой реформ хийх нь зөв. Эрчим хүч стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрд 34 хувь байхад болно. Үлдсэн 66 хувийг нь нээлттэй хувьцаат компани болгочих. Тэгвэл гадны хөрөнгөөр, эсвэл үндэсний хувийн хэвшлийн компаниуд хувьцааг нь авбал зохистой технологийн хөгжлийн чиглэл рүү явж чадна. Ингэснээр цахилгааны үнэ тариф ч буурна. Эцсийн үр дүн нь хэрэглэгчид хямд өртөгтэй эрчим хүч авах ёстой. Энэ салбарыг хувьчилснаар цахилгаан станцуудынхаа технологийн хүчин чадлыг нэмэгдүүлчихнэ. Мөн нүүрсний уурхайнууддаа ч хөрөнгө оруулалт хийж, олборлолтын өртөг хамгийн хямд байх нөхцөл бүрдэнэ. Том зургаараа агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүч туйлын чухал. Магадгүй бид хямд эрчим хүч хэрэглэвэл өвлийн хүйтэнд айл өрхүүд цахилгаанаар дулаанаа шийдэж болно.

М.МӨНХЦЭЦЭГ

Өмнөх хэсгийг ЭНДЭЭС