Өнөөдөр "Баян зам тээвэрчдийн холбоо" НҮТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус тээврийн компаниудын эрх ашгийг хамгаалах нэгдсэн зөвлөлийн зохицуулагч С.Бат-Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгой ХК нүүрс худалдах гэрээг зөвхөн худалдан авагч талтай байгуулж, тээвэр, ложистикийн асуудлыг орхигдуулдаг. Ингэснээр нүүрс тээвэрлэгч үндэсний компаниуд худалдан авагч Хятадын талтай гэрээ байгуулан ажиллаж, тэдний хэлсэн мөнгөөр тээвэр хийж, өгсөн мөнгийг авч байна. Нүүрс тээврийн үнэ өмнө нь нэг тонн тутамд 115 юань байсан бол тавдугаар сарын 3-нд 70 болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 65 юань болсон" гэлээ.

Мөн тэрбээр "70 юань болсноор 65 тонн нүүрс тээвэрлэдэг нэг машины тээврийн хөлс нь нэг сая 788 мянган төгрөг болно. Тээвэрлэлтийн туршид шаардагдах түлшний үнэ гэхэд 765 мянга, автозамын хураамж 208 мянган төгрөг болон бусад зардал нийлээд нэг тээвэр хийх зардал нийт зардал 1.5 сая төгрөг болдог. Гэтэл цаана нь компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд 300 орчим мянган төгрөг яавч хүрэхгүй. Тиймээс зогсолт хийхээр болж байна" гэдгийг мэдэгдэв.

2008 оны тавдугаар сарын 29-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Автотээврийн тухай хуулийн 6.1.7 дэх заалтад жишиг үнэ тогтоож мөрдүүлэх тухай заалтад "Тээвэрлэлийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах" тухай заасан. Хуулийн хүрээнд жишиг тарифыг батлан гаргадаг бөгөөд 2013 оны долдугаар сарын 10-ны өдөр "Автотээврийн жишиг тарифыг шинэчлэн батлах тухай" Зам, тээврийн сайдын 162 тоот тушаал гарч 1-р хавсралтад 100 километрээс дээш тээврлэлт гүйцэтгэхэд 1 тонн километр үнэлгээг 216 төгрөг 56 мөнгө байхаар тусгажээ. Гэвч нүүрс тээвэрхлэх 1 тонн километр үнэлгээ нь 119 төгрөг 61 мөнгө байгаа нь 50 орчим  байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл, 70 юань нь жишиг үнийн тал хувьтай тэнцэж байгаа гэсэн үг юм. Тиймээс тэд Засгийн газрыг энэ асуудалд анхаарлаа хандуулах тухай шаардлага хүргүүлж байна гэв.

Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү "Хэрэв Эрдэнэс Тавантолгой ХК гэрээндээ тээвэрлэлтийн хөлсийг тогтоохдоо дээрх дурдсан жишиг үнийг баримтална гэж заасан бол бид үнэ буурахад маргаан үүсгэх эрхтэй болно. Гэтэл одоогийн нөхцөл байдалд бидэнд худалдан авагч талын үнийг дагахаас өөр сонголтгүйд хүрч байна. Тиймээс төр засгийнханд шаардлага хүргүүлж байгаа. Тодруулбал, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 230 км уртын тээвэрт 1 тонн тутамд 70 юань, богинын 20 км-ийн тээвэрт нэг тонн тутам нь 120 юань байгаа хэт зөрүүтэй үнийн харьцаа бий болсон талаар нээлттэй сонсгол хийх, нүүрс худалдан авах гэрээнд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, гэрээг яаралтай шинэчлэх, нүүрс тээвэрлэх эрхзүйн орчныг сайжруулах талаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 13-ны дотор зохион байгуулах зэрэг шаардлагыг хүргүүлж байна" хэмээн өөрийн байр сууриа хэлсэн юм.

Тэд ойрын гурав хоногт Засгийн газар арга хэмжээ авч өгөхгүй бол уурхайд зам хааж, зогсолт хийнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ.