Нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна гэв
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.
-2024 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Сүүлийн 10 жилд ОХУ руу экспортлох хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц тэнцвэргүй байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гаалийн тарифын бодлого хэрэгжүүлдэг.
Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15-50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна.
Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна.
ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрэмд заасны дагуу холбооны 5 гишүүн орон нь нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг тул Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал байна.
Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулах явдал юм.
Тус хэлэлцээр нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон. Мөн хэлэлцээр 3 жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцно.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу "Бараа тодорхойлох кодчиллын уялдуулсан систем" (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд "тарифыг шууд тэглэх", "тариф бууруулах", "тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх", "тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх" гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон.
Экспортын үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр чухал ахиц гарч, зардал буурах боломж бүрдэх бөгөөд орц, материалыг экспортын барааны өртгийн 50 хувьд тооцон тарифын хөнгөлөлт эдлэх, барааг 4 цагийн дотор олгох, гарал үүслийн гэрчилгээг нөхөн гаргах боломжтой болох, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан гаалийн шалгалтын шинэ зохицуулалт хэрэгжих, 5000 еврогоос бага үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх зэрэг өөрчлөлт нь бизнесийн орчныг сайжруулна гэж танилцуулгад дурдсан.







Зочин · 1 цагийн өмнө
ANUSN80955877