Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын  хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  /12.12/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.

Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюутолгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.Өнөөдрийн сонсголд  95 гэрч оролцоно.

Сонсголд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан С.Баяр, Тэргүүн Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,  Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал асан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх,  УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Н.Цэрэнбат,  “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Э.Баясгалан тэргүүтэй гэрчүүд оролцож байна.

Өнөөдрийн сонсголоор Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж, асуулт хариулт тавигдаж буй.

О.Батнайрамдал "Монголчууд бид энэ төслөөс өгөөж хүлээж байна. Та ЕС байхдаа “Бид энэ төслөөс 55 хувийн өгөөж хүртэнэ гэж УИХ-д хэлж байсан. Сарын өмнөх мэдээгээр өгөөж 37 хувь хүрэхгүй байна. Та хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа олон улсын байгууллагуудын гэрээ хэр зэрэг тусгасан бэ?" хэмээн асуулаа.

Ерөнхий сайд асан С.Баяр "Өгөөж бол аливаа төслийн гол асуудал. Хэлэлцэн тохирсон зүйлүүдээс хамаарч ТЭЗҮ өөрчлөгдөх боломжтой учир тэр үед ТЭЗҮ бэлэн болоогүй байв. Энэ гэрээ хэдийгээр 2009 оны 10-р сарын 6-нд батлагдсан боловч тодорхой нөхцөл хангагдсаны дараа гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэй байсан. Тиймээс 2010 оны 3-р сарын 31-нд хүчин төгөлдөр болсон юм.

Манай ЗГ бөгөөд энэ төсөл боловсруулахад оролцож байсан олон ажлын хэсэг байсан. 34 хувьтай байвал 34 хувьтай байвал төслийн өгөөж тэр үеийн үнэлгээгээр 53-58 хувь, хэрэв 34 хувийг авахгүй бол 70 гаруй хувьтай байхаар байсан.

УИХ-ын 57-р тогтоол гарсанд би Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан. Тогтоол нь өөрөө хуулийн зөрчилтэй гэдгийг би УИХ-ын удирдлага болон гишүүдэд хэлж байсан. Улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн талбайд 34 хувь хүртэл гэж заасан. Гэтэл 57-р тогтоол 34 хувиас доошгүй гэж заасан. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөниаий дараа төрийн эзэмшлийн хувийг 50 хүртэл болгоно гэсэн нь хуулиас давсан шаардлагыг 57-р тогтоолоор тавьсан байсан. 

Овоо босгоогүй бол шаазгүй юунд суух вэ дээ гэж монголчуудын үг байдаг. Овоо нь 34 хувь юм. Бид Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн ч 34 хувийг авах болсноос явсаар байгаад энэ гэрээ Зээлийн гэрээ болсон л доо. УИХ-ын тогтоолд 34 хувийг заавал ав гэсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгох эхний алхам болсон. 

Зээл, зээлийн хүү өндөр байна гэдэг асуудал сүүлийн 10 жил яригдлаа. 34 хувьтай байгаа нөхцөлд өр зээлийн тухай яриа зогсохгүй. Буулгалаа буулгалаа гээд 6-7 хувиас буухгүй шүү дээ" гэх хариултыг өглөө.

О.Батнайрамдал "Зээлийн хүү бол асуудлын нэг хэсэг нь. С.Баяр дарга Та 57-р тогтоолыг буруутгаж байна. 57-р тогтоолыг баталсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энд сууж байна. Та хууль зөрчсөн үү? " гэх асуултыг тавилаа.

 

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "57-р тогтоолын 1 дэх заалтад “ОТ компанийн тусгай зөвшөөрлийн төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэсэн. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байсан заалт. Энэ заалт хууль зөрчсөн гэж үзэхгүй байна" гэлээ.

О.Батнайрамдал "С.Баяр дарга аа, танаас өгөөжийн талаар дахин тодруулмаар байна. Үндсэн хуульд, стратегийн ач холбогдолтой ордын нийт өгөөжийн 50-иас доошгүй хувийг ард түмэнд ногдоно гэж заасан. 16 жилийн дараа ямар алдаа гарсан гэж үзэж байна" гэж асуув.

С.Баяр "57-р тогтоол гарсан нь Ерөнхий сайд миний хувьд шоконд оруулсан мэдээ байсан. Яагаад хууль зөрчсөн ийм тогтоол гаргав. Яагаад Ерөнхий сайдын үгүйд ийм тогтоол гаргав? гэсэн асуудал бий. 34 хувьтайгаар хэлэлцээр байгуулахаас аргагүй болсон. 

Бидний нэг гол алдаа бол 34 хувь. Гэхдээ 34 хувийг дэмжсэн хүмүүсийг би буруутгаад байдаггүй. Гэхдээ хууль дотроо үр өгөөжийг нэмэгдүүлэх ямар хувилбар байна вэ? Тусгай АМНАТ гэж тэр үед байгаагүй юм. Үр өгөөжийг гэрээ болон хуульдаа яв цав тусгаж, хуульчилж өгөөгүй нь манай ЗГ болон миний алдаа болов уу гэж би хувьдаа боддог" гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн П.Ганзориг "Монгол Улсын эрх ашигтай холбоотой том асуудлыг ярьж байна. Ярьж болох материал, ярьж болохгүй нууцад авсан зүйл ч байна. Заавал үр дүн гаргах ёстой, тиймээс өнгөрсөн 16 жилийн алдаа дээр живэхгүйгээр шийдэл ярих ёстой. Оюутолгойн гэрээ байгуулагдахдаа хөрөнгө оруулалтын гэрээ гэх асуудал яригдаж байгаад, сүүлдээ хувь нийлүүлэгчдийн гэрээгээр гол зүйлээ шийдсэн нь шинжээчийн дүгнэлтэд гарлаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гол цөм нь байсан.

Өнөөдрийн үнэ цэнээр тооцвол 400 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл болсон. Энэ алдааг яаж засах вэ? " хэмээн гэрчүүдээс асуулаа.

Ерөнхий сайд асан С.Баяр "УИХ-ын 57 дугаар тогтоол баталсан УИХ-ын гишүүдийг буруутгахгүй. Засах ёстой алдаа бол Засгийн газруудын бодлогын залгамж халаа алдагдсан. Долоон Засгийн газар гарч ирсэн юм билээ.  2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдсан өрийг засах, тэглэх тодорхой алхмуудыг хэрэгжүүлсэн. Өөр Засгийн газар нь залгамж чанарынхаа дагуу байгуулсан гэрээгээ хөөцөлдөж ажиллаагүй. 

Нөгөө том алдаа нь төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааны хоорондын авцалдаа муу байна. Үүний нэг жишээ нь энэ сонсгол. Засгийн газар энэ асуудлаар нөгөө талтай хэлэлцээр хийж байх үед парламентын сонсгол хийх нь аль ч талаасаа буруу. Хэлэлцээрийн үед тактик нууц байж бид амжилтад хүрэх ёстой. Гэтэл олны өмнө хамаг тактикаа дэлгээд тавьчхаар хэлэлцээр хийх Засгийн газар хэцүү байдалд орно" гэж хариулсан юм.

Сангийн сайд асан С.Баярцогт "Сайжруулахын тулд эрх зүйн орчин, үе үеийн Засгийн газар гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүний хувьд хэлэхэд эрх зүйн орчин дээр дутагдалтай зүйл байсан. Тиймээс 2010 оны АМНАТ-ийг бүх төрлийн ашигт малтмал дээр оруулж батлуулсан. 2015 онд тусгай АМНАТ гэдэг зүйлийг санаачилж оруулсан. Энэ нь хувьцааг тусгай АМНАТ-өөр солих боломжийг нээсэн. Саяхан Орона-ийн хэлэлцээр хийхэд тусгай АМНАТ-ийг ашиглалаа.

Засгийн газар хүндрэл үүсгэсэн зүйл зөндөө бий. Нэгт хүүгийн асуудал өндөр байна, хоёрт менежментийн төлбөр өндөр, ТЭЗҮ дээр 53 хувийн өгөөжийг Монголын тал, 47 хувийг хөрөнгө оруулагч тал авна гэснийг заавал бичих ёстой юм байна. 

Мөн Рио Тинто Хятадуудад хувиа зараад гарах гэж байна гэдэг асуудлыг ярьсан. Тиймээс Рио Тинто Монголын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлэх эрхгүй гэдэг тусгай гэрээ хийх ёстой гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Төсөл маань 70 жил үргэлжлэх учраас зээлийн хүүг долоон жил тутамд ярьдаг байх зарчмыг тавьсан. Харамсалтай нь 2018 онд хэрэгжүүлээгүй" хэмээлээ.