ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах “Говь” үйлдвэрт өчигдөр /2019.07.23/ хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус компанийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Дуудлагаар нийслэлийн “Аврах анги-105”-ын 8 алба хаагч, 2 автомашинтай 02:19 цагт очиход тус ажилтан нь бохирын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Талийгаачийн ээж "Онцгой байдлынхан тэр лаганд орж хайгаад хүүг маань олоогүй. Камер шүүхэд орж байгаа нь харагдаад гарч ирсэн дүрс байхгүй байсан" хэмээн уйлж байна. Түүний эгч  "Говь компанийнхан бид нарыг ирэхэд инээгээд "камер шалгаж байна эгч ээ" гээд зүй бус харьцсан. Хэдхэн сар ажиллаж байгаа хүүхдийг ганцааранг нь ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй оруулсан байна лээ" гэлээ.

Одоогийн байдлаар хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байна.