Өдийд улс төрчид ирэх сонгуулийнхаа өмнө ард иргэдээр бүтэн дөрвөн жилийнхээ ажлыг дүгнүүлэх гээд ид ажиллаж явах ёстой. Гэтэл хамаг цагаа хуульд өөрчлөлт оруулахаар улайрч буй.

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсддөө ашигтайгаар эргүүлэх гээд бачимдаж явахад нь хурган дарга нарынх нь авлига өгөлцөж, авалцсан үйлдлийг баримтжуулсан бичлэг олон нийтэд тархаж бүүр "оймс стайл" гэгчийг давалгаалууд авсан. Хошигнож байгаа хэдий ч монголын ард түмэн туйлдаж гүйцэж байна. "Үнэн" гэдэг зүйл хаана хэзээ хэнийг төр барьж байх үед гээгдчихэв ээ?

Хамгийн гол нь олны эгдүүцлийг төрүүлсэн нь хоёр жилийн өмнө хийгдсэн авлига авсан эрх бүхий нөхдүүдийг "хорих ял" биш "торгуулиар" толгойг нь илээд өнгөрсөн явдал юм. Энэ хэрэг зөвхөн өнгөн талынх, харин нөгөө талд нь маш том авлигалын хэргүүд бий. АТГ-аас өөр бусад бичлэгийг ч дэлгэн гэдгийг хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Үүнээс нь айсан нөхдүүд айж сандран хуралдаж, хуулийн хөөн хэлэлцэх хугацаа гэгчийг судлуулахаар ажлын хэсэг хүртэл байгуулаад авлаа. 

УИХ-аас 2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа гэмт хэрэгтнийг олох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байхаар заасан байсан. Гэтэл 2017 онд Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх явцад  нэр бүхий гишүүдээс санал гарч, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Энэ үйлдэл нь дээрх хэргүүдэд авсан хуулийн шийтгэлийг сонссон олон түмэн шуугиад ирэхээр эргэн харах болов. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” хэмээн засаж орхисон. Энэхүү хуулийн заалтын өөрчлөлт нь өнөөдөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ял завших боломж олгосон байгаа юм. Угтаа тэд жирийн иргэдийг бодвол хууль санаачилж, батлаж буй эрх баригчид үүнийг сайн мэдэж байсан нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл өнөөдөр тэд эл өөрчлөлтийг мэдээгүй явсан уу мэдсэн ч дуугүй л "ял завших" гээд андаж суусан гэдэг тун эргэлзээтэй байна. Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар хэлэлцэн баталсан байдаг.

Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан нь чухамдаа  гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж л олгосон нь эрх баригчдын хамгийн том алдаа. Одоо ЖДҮХС-тай холбоотой хэргийг хуулиа засаж, өршөөхгүйгээр яллах аваас жинхэнэ мужак улс төрчид болох нь мадаггүй. АТГ-аас ч уг хэргийн том гэмт хэрэг гэдгийг зарлаж, хууль тогтоогчдоос 40 хүн энэ асуудалд нэр холбогдож, зарим нэг нь мөнгө угаасан байж болзошгүй хэл аманд өртсөн. Улстөрчид өөрсдийн баталсан хуулиа хэрхэн засаж, залруулж хээл хахуулийн хорхойтнуудтай яаж тэмцэхийг харж л сууя даа.