Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг 2018 оны 10 дугаар сарын дөрөвний өдөр АТГ-аас баривчилсан билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн ял оноосон юм. Бид хахуулийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хавтаст хэргээс хүргэж байна.

Гэндэнжамцын Бум-Эрдэнэ нь  Монгол Улсын иргэн, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, математикч, математикийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд ял шийтгэлгүй нэгэн.  Тэрбээр

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу хамран сургах тойргийн бус В.Ц-ийг сургуульдаа элсүүлхийн тулд түүний эх А.Уас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө шууд авсан
  • Хамран сургах тойргийн бус Б.Н-ийг сургуульдаа элсүүлхийн тулд бусдаар буюу “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ын дэд захирал О.О-аар дамжуулан түүний эцэг М.Бэс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пүрэвсүхийн “ХААН” банкны дансаар дамжуулан авсан,
  • Хамран сургах тойргийн бус Б.М-ийг сургуульдаа элсүүлэхийн тулд бусдаар буюу Сүхбатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.М-аар дамжуулан түүний эцэг А.Б-өөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө авсан хэрэгт холбогдсон.

Мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн явцад түүнийг хахууль авсан болохыг тогтоосон бөгөөд түүний дээрх үйлдлүүдэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Анхан шатны шүүх хурлын үеэр Г.Бум-Эрдэнэ нь хахууль аваагүй гэдгийг мэдүүлсэн байдаг. Тодруулбал, “ Намайг авлига авсан хэргээр яллаж байна. Үүнийг би авлига гэж үзэхгүй байна. У-с 7.000.000, О-аас 2.000.000 төгрөг авсан. Үүнийг юунд зарцуулсан тухайгаа яръя. Би 2017 оны 4 сарын 17-ны өдөр ажлаа хүлээж авсан. Намайг ажлаа аваад удаагүй байхад 2017 оны 5 дугаар 05-ны өдөр сургуулийн спортын заалтай өргөтгөлийн хэсгийн 2-3 давхарт гардаг шат цуурч хүүхдийн дээрээс дарж унах аюултай байдал үүссэн. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Алтансүх, Уртнасан гэдэг байцаагч нар ирээд манайд байсан нярав Мөнхцэцэг, менежер Манлай нарыг байлцуулан шалгалт хийгээд 2017 оны 5 сарын 20-ны өдрийн 0207119/123 дугаартай дүгнэлтийг гаргаад явуулсан. Сурагчдын амралт эхлээгүй байсан учраас шат нураад хүүхдийн дээрээс унах эрсдэл байсан учраас тусгаарлах арга хэмжээ аваад 3 давхарт хичээл орохыг хорьсон. Энэ шатыг засах хөрөнгө мөнгөний асуудал улсаас гаргаж өгөөгүй. Гарцаа байхгүй үүнийг засахын тул сургуулийнхаа урсгал засварын мөнгө, таньдаг хүмүүсээ дуудаж түр зуурын засвар хийсэн. Сурагчдын аюулгүй байдалд шууд нөлөөлөх нөхцөл байдал үүссэн ч сургуульд шууд гаргаад янзлах төсвийн мөнгө байдаггүй юм байна. Манай сургууль нь 80 жилийн насжилттай барилга юм. Дээр нь олон хүүхдийн хөдөлгөөн явж байдаг. Намайг орсон цагаас авахуулаад ийм эрсдэлд орсон байсан. Үүний дагуу зоорийг зассан. Дээврийг дүүргийн хөрөнгө оруулалтаар засаж янзалсан. Бүх цонхыг вакум цонх болгосон. Ингэхдээ хуучин цонхны усны хаялгыг авчихсан байсан. Усны хаялгыг авснаас болоод хананы завсраар ус нэвчээд сургуулийн гадна талын хана нураад эхэлсэн. Ойролцоогоор 4-6 хана нурж унасан. Шууд ийм бодит байдал бий болсон. Өөрсдийнхөө хэмжээнд сургуулийнхаа гадуур улаан тууз татсан. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Тамгын газарт албан бичгээр хүргүүлсэн. Үүний дагуу 20.000.000 төгрөг урсгал засварт оруулсан байсан. “Оранж пасад” ХХК-ний Долгорсүрэнтэй уулзаж сургуульд засвар хийлгэхээр болоод 10, 10 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. У-гаас авсан 7 сая төгрөгийг сургуулийн урсгал засварт өгсөн. Би “сургуулийн урд талыг нь засвал хэдэн төгрөг гарах вэ?” гэж асуусан тэгэхэд “8 сая төгрөг болно” гэж хэлсэн.Сүүлийн 15 сая төгрөгийг 8 дугаар сарын 15-ны өдөр санхүүжилт орсон. Өлзийхүүгийн данснаас манай няравын дансруу орсон мөнгө нь миний хувийн мөнгө юм. Би охиноосоо авсан мөнгөө охиндоо буцааж өгсөн. Сургуулийн захирлын хувьд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс засвар хийлгэсэн юм. Энэ нь авлига биш хандивын мөнгө юм. Онц аюултай байдал сургуулийн байранд үүссэн гэж үзэж байна” гэж мэдүүлжээ.

Харин түүний мэдүүлэг эндүү болохыг болох нь зарим гэрчүүдийн мэдүүлгээр тогтоодогсон байдаг. Тухайлбал, 

  • Гэрч О.Болорцэцэг: “...Манай сургууль 2018 оны 07 сарын 03-ны өдөр “Оранж дарь” ХХК-тай сургуулийн гадна фасадны ажлыг 19.600.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан...Сургуулийн 2018 оны төсвийн хуваарьт урсгал засварт 62.000.000 төгрөг төсөвлөгдсөн. Урсгал зардлын төсвөөс дээрх гадна фасадны ажлыг санхүүжүүлсэн...Г.Бум-Эрдэнэ захирал сургуулийн гадна фасадны ажилд зарцуулаарай гэж бэлэн болон бэлэн бусаар мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...”,
  • Гэрч Н.Долгорсүрэн: “...Манай компани 2017 оны 07 сарын 20-дын үеэр ажил эхлээд 08 сарын сүүлээр дууссан. Ингээд гэрээний үнэ болох 19.600.000 төгрөгийг авсан. Өөр дахиж Г.Бум-Эрдэнэтэй уулзаагүй, тооцоо дууссан...” гэж мэдүүлжээ.
  • Гэрч Ж.Гантулгын  “...Боловсролын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Боловсролын газрын дарга нь ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг баталж өгдөг. Тухайн сургууль нь тухайн оршин байгаа хороотойгоо сургуулийнхаа хамран сургах тойргийг харилцан зөвшилцөж тогтоогоод уг саналаа Дүүргийн Боловсролын газарт хүргүүлдэг, тус газраас нь манайд уламжилдаг бөгөөд Нийслэлийн Боловсролын газар ирүүлсэн саналыг нь судалж үзээд боломжтой гэж үзсэн тохиолдолд миний бие тушаал гаргаж, тухайн сургуулийн хамран сургах тойргийг нь баталж өгдөг....Бага дунд боловсролын тухай хуулинд заасны дагуу захирал нь хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг сургах эрх, үүрэгтэй, уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан хамран сургах тойргийнхоо сурагчдыг элсүүлэн авч сургах ёстой....Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирал зүгээс албан ёсоор надад болон манай байгууллагад хандив болон санхүүгийн туслалцаа авахаар хандаж, зөвшөөрөл авч байсан тохиолдол байхгүй. Миний зүгээс болоод манай байгууллагын зүгээс түүнийг бусдаас хандив, санхүүгийн туслалцаа ав гэж зөвшөөрөл өгч байгаагүй....”
  • гэрч Б.Виктор: “...2018 оны 04 дүгээр сарын орчим байх яг цаг хугацааг нь тодорхой санахгүй байна, захирал Г.Бум-Эрдэнэтэй уулзсан. Тэгсэн “хамран суралцах тойргийн хүүхэд биш байна, ямар ч боломж байхгүй” гэсэн. Тэгээд надаас “яагаад заавал манай сургуульд хүүхдээ оруулах гэж байгаа” талаар асуухад “миний охин тоондоо авъяастай, түүнийг нь хөгжүүлэх зорилгоор танай сургуульд хандаж байна” гэж хэлсэн. Тэгсэн “энэ тухайгаа дэлгэрэнгүй өргөдөл бичээд өг хурлаар авч хэлэлцье” гэж хэлсэн. “Хурлаар авч хэлэлцээд зөвшөөрсөн тохиолдолд олон улсын олимпиадад оролцох хүүхдүүд болон багш нарын зардалд хандив өгөх боломжтой юу” гэж асуусан. Би “тэгье” гэж хэлээд “хэдэн төгрөг гарах бол” гэж асуусан чинь “мэдэхгүй хурлаар ороод хэдэн багш хүүхэд явах нь шийдэгдэх байх” гэж хэлсэн. ... 2018 оны 05 сарын эхээр хурал нь болоод манай хүүхдийг суралцахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан талаар хэлсэн. Мөн 7.000.000 төгрөг өг гэж хэлсэн...” мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогджээ.

Тиймээс энэ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Бум-Эрдэнийг удаа дараагийн давтан үйлдлээр хахууль авсан гэм буруутай гэж үзсэн. Улмаар гурван удааагийн үйлдлээр  авсан 10 000 000 төгрөгийг улсын орлого болсон. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хурал 2019.07.19-ны өдөр болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн юм.

Хахууль, өгч авах нь ямар нэгэн байдлаар баримт үлдээдэг бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар илэрдэг үйлдэл юм. Тиймээс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдаас хахууль авах нь гэмт хэрэг гэдгийг төрийн албан хаагчид анхаарна уу.