Наймдугаар сартай золгосон даруйд  усархаг бороо орох болсон. Тэгвэл энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилгын компаниудын барьж буй барилгыг шалгаад авсан гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр, баригдаж буй барилгаас үүдэж иргэд хийгээд улс багагүй хохирол амсав.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн IV хороо, Наадамчдын гудамжны авто замын зорчих хэсэг үерт автсаны улмаас эвдэрч, явган хүний зам урсаж, айлууд үерт автсан. “Талст ширээт” компаниас үүдэн  60 сая төгрөгийн шууд хохирол учирсан байна. Шууд гэдэгт үерийн улмаас хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх, хүн хүчний зардал зэргийг тооцсон гэсэн үг. Түүнчлэн шууд бусаар 200 гаруй сая төгрөгийн хохирол амсжээ. Харин шууд бус ангилалд нь үерийн улмаас талхлагдсан мод зүлэг, эвдэрсэн зам, талбайг оруулдаг аж. 

Уг нь тус барилгын компанид НМХГ-аас удаа дараа мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох, цахилгааныг нь таслах хүртэл арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй байна. Тухайлбал, “Талст ширээт” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг тавдугаар сарын 20-нд хийсэн шалгалтаар барилга угсралтын ажлаа зогсоох шаардлага тавьсан байна. Ингэхдээ цахилгааныг нь хязгаарлах албан бичгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид хүргүүлжээ. Гэвч цахилгааныг нь хязгаарласангүй, “Талст ширээт”-ийнхэн барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна. Тус компанийн барилгын талбайд  өнгөрсөн сарын 8-нд шалгалт хийхэд ус зайлуулах байгууламжгүй нь илэрчээ. 

Мөн “Талст ширээт”, “Бөх бат” компанийн барилгын талбайд  ус зайлуулах байгууламжийн зураг төслийг шинэчлэн боловсруулах, үерийн усыг нэг сувагт цуглуулж, авто зам доогуурх хоолойтой холбон, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Хамгийн гол нь ус зайлуулах байгууламжийг бүрэн төлөвлөсөн барилгын зураг төслийг л баталж байхыг холбогдох албаныханд сануулсан аж. Гэсэн ч уг шаардлагыг хэн ч биелүүлээгүй байгаа аж.

Түүнчлэн “Эко констракшн” ХХК-ийн барьж буй “King Tower-2” дээд зэрэглэлийн тансаг орон сууцны  4 блок  16 давхар барилга Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа. Харин хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас тус барилгын суурь болон зоорийн давхар бүхэлдээ усанд автсан байдалтай байгаа бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг нь зогсоожээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүх: НМХГ-аас 2019 оны 6 дугаар сар 03-ны өдөр шалгалт хийгдсэн. Мөн 2019 оны 8 дугаар сар 06-ны өдөр дахин шалгалт хийгээд хур бороо орсны улмаас хөрсний усны түвшин өндөрсөж, суурийн нүхэнд хөрсний болон гадаргууны ус хуримтлагдсан тул яаралтай арга хэмжээ авч барилгын ажлаа зогсоо гэсэн шаардлага тавьсан. 2019 оны 8 дугаар сар 09-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн.  Мэдэгдлийн дагуу бид  2019 оны 8 дугаар сар 09-ны өглөө очиж албан ёсоор ажлыг нь зогсоосон. Ингэхдээ байгалийн үзэгдэл, болзошгүй эрсдэлээс сэргийлж хөдөлмөрийн болон  техникийн аюулгүй байдлыг бүрэн хангуулж, хөрсний усыг соруулахаар болсон. Энэ асуудлаа шийдээд мэргэжлийн хяналтын байгууллагад дахин шалгуулаад, усанд автсан  нь суурийн чанарт нөлөөлөх эсэхийг мэргэжлийн байгууллагуудаар судалгаа шинжилгээг гаргуулаад цаашид арчилгааны ямар арга хэмжээн зонхилж авах шаардлагатайг бэлдэж, шалгуулаад ажлаа үргэлжлүүлж болно" хэмээж байсан удаатай.

НМХГ-аас 2019 оны 06-р сард “Эко констракшн” ХХК-ийн барьж буй энэ барилгад хяналт тавьж, зөрчил гаргасан тул 3 000 000 төгрөгөөр торгож байжээ. Үүгээр ч зогсохгүй  тус барилга баригдахгүй байх үндэслэлтэй аж. Тодруулбал, Туул голын орчим, цэвэр усны эх үүсвэрт барилга барьж болохгүй. Барьсан бол чөлөөлөх ёстой гэдгийг Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар хэлж байсан.

Нийслэлийн цэвэр усын эх үүсвэр болон Туул голын эргээс нэг км орчим талбайд баригдаж буй “King Tower-2” хэсгийн хөрсний ус ихээр гардаг болохоор бороо орвол зоорийн давхар дахин усанд автахгүй гэх баталгаа байхгүй юм. Өөрөөр хэлбэл энэхүү барилга баригдаад бороо ус ихтэй жил зоорийн давхар ийнхүү усанд автаж иргэд эд хөрөнгө, цаашлаад аюулгүй байдлын горим алдагдсанаас амь насаараа хохирох эрсдэл байгааг сэрэмжлүүлж байна. Ийнхүү хяналт тавих газраасаа том толгой гаргаж буй барилгын компаниудыг цаашид хэрхэх вэ?

Үерт автсан үеийн нөхцөл байдал дээр Хотын захирагч С.Амарсайхан биечлэн очиж ажиллласан. Үерийн ус зайлуулах далан дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгаас үүдэн ийнхүү авто замын хөдөлгөөнд оролцдог хэсэг үерт автсан гэдгийг иргэд санаж буй биз. Хотын дарга "Зам үерт автсан гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгжүүд хууль дүрэм сахигдаггүй байдлаас үүдсэн байна. Үүнээс болоод барилгаа барихын тулд үеийн ус зайлуулах далангийн гольдролыг нь өөрчлөөд барьчихсан байгаа юм. Тухайлбал, Наадамчдын гудамжийн 2 км зам нь үерт автсан байна. Энэ нь зөвшөөрөлгүй баригдсан барилгын компанийн буруутай үйлдэл" гэж байсан юм. 

Газраа хуулийн дагуу ашиглаагүй компани ганц үүгээр ч зогсохгүй. “Хөрш заанууд”, “Амундра”, “Бөх бат” компаниуд. Гэтэл “Бөх бат”-д БОАЖ-ын сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 16-ны тушаалаар 3.27 га газрыг таван жилийн хугацаатай ашиглуулах болжээ. Мөн сайдын тушаалаар “Чинбулаг” компанид хоёр га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн аж.

Тусгай хамгаалалттай бүсэд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар л газар ашиглуулах хуультай. Уг нь БОАЖ-ын сайдын тушаалд ийм зориулалттайг нь онцлон бичсэн. Гэхдээ “Аялал жуулчлалын зориулалтаар ашиглана” гэдэг өгүүлбэр сайдын тушаал дээр л байхаас бус, бодит байдалд хэрэгждэггүй бололтой. Нэгэнт сайд тушаал гаргасан тул компаниудын газар ашиглах эрхийг шууд цуцлах эрх нийслэлийн удирдлагад байхгүй гэнэ. Иймд Яармагийн ЗДТГ-аас БОАЖЯ-нд ахиж газар олгохгүй байх саналыг тавьсан гэх шуум чих дэлсэв. Тэгвэл эдгээр том толгойтой сайдын тушаалыг "гууль болгож яваа" нөхдөд ямар хариуцлагыг хаанаас оноох болж байна.