Жил жилийн Үндэсний их баяр цэнгэлт наадмын дараа уралдсан морьд, барилдсан бѳхчүүд, харвасан харваачдын дунд "допинг" хэрэглэсэн эсэх талаар шалгалт хийгдэн, үүнийг дагасан хэрүүл маргаан тасардаггүй. Даяарчлал дэлгэрч, дэлхий ертѳнц хавтгайрч байгаа энэ үед мэргэжлийн спортын муу нѳлѳѳ Монголд нэвтэрч байгаагийн илрэл бас нотолгоо.

Бѳхчүүд яагаад допинг хэрэглэдэг вэ?

 

1.Олон түмнийг цэнгүүлэн, "үнэн хүчийг үзэн барин авч барилддаг" Монголын үндэсний бѳхѳѳ хүндлэн дээдэлдэг уламжлалт зан заншлыг буруугаар ашиглан бизнес болгож, үүнийг нь дэвэргэн хѳѳргѳдѳг "хѳѳсѳрсѳн" тогтолцоо бий болжээ

2.Жилдээ ганц болдог Улсын баяр наадмаар цол гуншин олгодог болохоор, үүнийг нь "Нутгийн Зѳвлѳл" нэртэй хэсэг нѳхѳд зохион байгуулан, их хэмжээний санхүүжилтээр тэдний шуналыг дэвэргэж байна

3."Аварга" цолтой зарим бѳхчүүд нутаг жалгын үзлийг бий болгож бѳхчүүдийг талцуулан, зохион байгуулалтайгаар авилгын "найраа"-г хѳгжүүлэн бѳхчүүдээр "тоглож" байна

4.Бѳхчүүдийг хүндлэл бус "зусардалт" дагалддаг болсноор тэдний ёс зүй болон "жудаг" алдагдаж, олон олон залууст энэ нь их мѳнгѳ олох боломж, амар хялбар амьдралын жишээ болон түгж байна

 

"Мэргэжлийн спорт" бус хэрнээ "мэргэжлийн спорт"- ын түвшинд ойртохүйц хэмжээний алдар хүнд, бай шагнал дагалддаг болохоор л зарим бѳхчүүд мэргэжлийн спортын "хар толбо" болох допинг хэрэглээд байгаа хэрэг шүү дээ. Харин бид мэдсээр атлаа мэдээгүй дүр эсгэн амжилт гаргахад нь хѳѳргѳн зусардаж, алдаа гаргахад нь дэвсэлж унагаад, дээрээс нь нулимж суудаг муухай "дуршилтай". Бидний ѳмнѳ бѳхчүүд ил тод "найраа" хийн доромжилж, бид урьдчилан мэдсээр байгаа хэрнээ даган баясч, нийтээрээ наадмын бѳх хэмээх "тавилттай жүжигэнд" дасан дассаар олон он жилийг үдэж буй. Одоо хэр нь даган жүжиглэсээр буй бид арчаагүй тэнэг, зусар мунхагууд...

 

Жилдээ ганц болдог "Үндэсний баяр наадмын тухай хууль" гэгчийг баталж, цол гуншинг "Монгол Улсын Ерѳнхийлөгчийн зарлиг"- аар олгодог болсон нь удирдагчтайгаа, олон түмэнтэйгээ "Хѳгийн байдал"-д харагдаж, муухай шившиг болж байна. Энэ тэнэглэлээ зогсоож:

 

-Бѳхчүүдийн бүтэн жилийн барилдсан амжилтаар "Бѳхийн Холбоо" нь "цол" олгодог, баяр наадмаар зѳвхѳн "чимэг" нэмдэг болох хэрэгтэй мэт

-Бай шагналыг нь хүндлэл, бэлэгдэлийн хэмжээнд олгож байвал зохилтой мэт

-Mонгол бѳхчүүд олширч дэлхийн жишигтэй дүйцэхүйц хэмжээнд хѳгжиж байгаа бол Японы "Сумо" барилдаан шиг "мэргэжлийн" хэмжээнд хѳгжүүлэн байнгын бооцоот тэмцээнүүдийг зохиож болох мэт. Үүнийг нь "Үндэсний баяр наадмын барилдаан"-тай хольж жишиж боломгүй мэт. Тус тусдаа хѳгжиж байвал зүгээр мэт.

-"Цол", "чимэг"- үүдийг тодорхой хугацаанд хадгалж чадахгүй тохиолдолд "хурааж авдаг" болчихвол хэн дэмий зүйлд мѳнгѳѳ үрж "авилга "-ыг хѳгжүүлэх билээ

 

Энэ жилийн түрүүлсэн бѳх допинг хэрэглэсэн нь нотлогдвол, "аваргa" цолыг нь хурааж, "хурандаа" цолыг нь буцааж, эхнэрт нь бэлэглэсэн машинаа эргүүлж авах гээд бѳѳн "шившиг" болгох нь дээ. Энэ цолыг нь зарлигаар олгосон "Ерѳнхийлөгч" ч бас хариуцлага хүлээж таарнаа даа.

 

Ичгэвтэр ч лүднүүд юмаа даа, монголчууд бид. Одоо ингэж тэнэгтэхээ болимоор байна даа.

 

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах