Манай улсын тулгамдаж буй асуудлын нэг нь боловсролын салбар. Үүн дотроо хүүхдийн сурах орчин хийгээд хөгжих асуудал хойш тавигдаж, давчуу орчинд хичээллэж байна. Өвлийн хүйтэнд утаан дунд хүүхдүүд хичээлдээ явж, тарж байгаа нь тэдний эрүүл мэндэд хохиролтой гэдгийг өдгөө хэн хүнгүй мэдэж буй. Гэтэл энэ жил гурван ээлжээр хичээллэх асуудал дахин үргэлжлэх нь ээ. 

Нэг ёсондоо шөнийн ээлжийн ч гэмээр бага ангийн сурагчид хичээл нь үдээс хойш эхэлж, өвлийн цагт орой 19 цаг өнгөрөөд тардаг байсан. Ингэхэд харанхуй болсон байдаг учир зарим нэг нь тэднийг шөнийн ээлжний сурагч ч гэж шоглонгуй ярьдаг гэх. Энэ жил нийслэлийн хэмжээнд 34368 зургаан настай хүүхэд сургуульд элсэн орох бол 120 мянга гаруй хүүхэд улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдана гэсэн судалгаа бий. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 18 сургуульд, 5800 орчим хүүхэд хичээллэж байна. Нийслэлийн боловсролын газар, салбарын яамны холбогдох бодлогын газрууд хамтран эдгээр сургууль дээр анги, танхимын зохион байгуулалт хийжээ. Ингэснээр таван сургууль өөрийнхөө байранд зохицуулалт хийж, гурван ээлжнээс гарахаар болсон. Харин үлдсэн 13 сургуулийн хувьд иргэн аж ахуй нэгж, хувийн сургуулиудын стандарт шаардлагыг хангасан байрыг түрээслэх хэлбэрээр ашиглана. Үүний үр дүнд есдүгээр сарын 1-нээс эхлээд хоёр ээлжид шилжих бололцоо бүрдэнэ гэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа ч зарим сургуулийн барилгын ажил газрын маргаанаас болж, хойшлогдож эхэлсэн, тендерт шалгарсан компани нь ажлаа гүйцэтгээгүй зэргээс үүдэж, цаг хугацаандаа багтан ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүсчээ. Иймээс энэ жил 10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэх юм байна. 

Өмнө нь жил улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургууль баригдаж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно хэмээж байсан удаатай.  Гэтэл өнөө жил энэ асуудал нь ч мөн адил шийдэгдэхгүй байсаар хичээлийн шинэ жилтэй золгох нь бололтой.

Түүнчлэн олонхи суудалтай намын мөрийн хөтөлбөрт ч гурван ээлжээр хичээллэдэггүй болгоно гэсэн асуудал тодоор тусгагдсан гэдгийг эргэн сануулъя. Тухайлбал, Гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. Нэг ангид суралцах сурагчдын тоог 30-аас ихгүй болгоно. Сурагчийн сурах бичгийг дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны өв соёлд тулгуурлан шинэчлэн гэжээ.