Сүүлийн өдрүүдэд хар тамхины хэрэглээтэй холбоотой хэргийн гаралт нэмэгдсээр байна. 

Тодруулбал, энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон талаар бид мэдээлсэн.

Мөн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн залуу хос амь насаа алдсан хэрэг ч Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт наймдугаар сарын 30-ны өдөр 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй  О нарын хоёр хүн нь нас барсан.

Урьдчилсан байдлаар, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна. 

Учир нь хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэрт гурван ширхэг, тунгалаг шингэн 100 грамм, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байгаа  юм байна.