Өнгөрсөн шөнө буюу 10 дугаар сарын 8-ний орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух нэгэн өрхийн нам даралтын зуух дэлбэрсэн хэрэг гарлаа.

Хэргийг тодруулбал, тус өрх өнөөдөр сайжруулсан шахмал түлшийг худалдан авч, Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдын зааварчилгаа дагуу нам даралтын зуухаа галласан боловч тус айлын зуух дэлбэрч, цаашлаад тус айлын хаалга болоод зуух байрлаж байсан байшингийн хэсэг эвдэрсэн байна.

Гэрийн эзэн Г.Жаргалсайхан: "Би 17:30 үед галлаад, гэрээсээ түр гарснаас хойш 30-аад минутын дараа пийшин дэлбэрчихлээ гэж над руу утасдсан.   

Манай пийшин нам даралтын, төслийн пийшин гэж явдаг. Зуухаа буруу суурилуулсан асуудал байхгүй. Яагаад гэвэл үүнийг хоёр жил хэрэглэсэн. Энэ жил гурав дахь жилдээ болж байна. Хоёрт гэвэл сангийн мэргэжлийн хүмүүсээр тавиулсан.

Одоо дулаахан байгаа болохоор өмнө нь түүхий нүүрс түлдэг байсан хэмжээнээсээ багаар хийсэн. Өдөр гурван цагийн үед хорооноос зөв хэрэглэх зааварчилгаа өгөхөөр ирсэн. Яг миний түлдэг л юм байна лээ. Эхлээд модоо асаагаад дараа нь нүүрсээ хийнэ. Яг зааврын дагуу л түлсэн. Галлагааны хувьд ямар нэг алдаа гараагүй гэж бодож байна. Манай зуух автомат хий авагчтай, ямар нэг хаалт хаасан зүйл байхгүй. Хэрвээ ийм юм болох байсан бол ноднин, уржинан тохиолдох л байсан. Яг юунаас болсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Түлшээ нүүрсний борлуулалтын цэгээс авсан".

Бид энэ талаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны засаг дарга Л.Батдэлгэрээс тодруулахад, “Айлын пийшин дэлбэрсэнтэй холбогдуулан, Цагдаагийн бүрэлдэхүүн, хорооны ажлын хэсэг  газар дээр нь ажиллаж байна. Хүний амь эрсдээгүй. Байшинд хоёр хоногийн өмнө галласан бөгөөд өнөө орой 18:30 цагийн үед галлагаа хийсний дараа дэлбэрэлт үүссэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан нөхцөлийг нь одоогоор тогтоогоогүй байна” гэсэн юм.