Карибын эсвэл Кубын цөмийн зэвсгийн хямрал гэж нэрлэдэг үйл явдлыг шийдвэрлэсний 57 жилийн ой өнгөрсөн сарын 28-нд болсон байна. 1962 оны тэр өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди ЗХУ-ын тэргүүн Никита Хрущёваас энэ мөргөлдөөнийг дуусгах, ямар нэг аргаар гэрээ байгуулах санал тавьсан хувийн захидлыг хүлээн авчээ.

АНУ-ын зүгээс энэ саналыг нь зөвшөөрсөн байна. Тиймээс Москва Кубын нутагт байрлуулсан баллистик пуужингуудаа  буулгаж байгаа болон дахин байрлуулахгүй гэж баталж байгаагаа мэдэгджээ. Харин Вашингтоны зүгээс олон нийтэд зарлаагүй ч ЗХУ-тай хиллэдэг Турк, Италид байрлуулсан баллистик пуужингуудаа татаж авахыг зөвшөөрсөн байдаг аж. Энэ талаар ОХУ-ын нэрт сэтгүүлч Владимир Познер “Олон хүн тэр цагийн үеийн тухай мартаж байна” гэж хувийн цахим хуудастаа бичжээ. Тэрээр “Би тэр явдлыг сайн санаж байна. Мөн цөмийн дайн эхлэх гэж байна, бид бүгд үхнэ гэж шуугиж байсныг санаж байна” хэмээн 1962 онд болсон явдлыг дурссан байна. Гэхдээ бид тэр дайнд ороход хэр ойрхон байсныг хүн бүр мэдээгүй гэв. Тодруулбал, ЗХУ АНУ руу  цөмийн пуужин харвах талаар шийдвэр гаргах хүртэл тухайн үед хоёр туйлд дэлхийг хуваасан хоёр их гүрний маргаан дээд цэгтээ хүрч хурцадсан байна. Гэвч  цөмийн пуужинг харвах уу үгүй юу гэдэг нь ЗХУ-ын “В-59” шумбагч хөлөг онгоцны  гурван офицероос хамаарч байжээ. Пуужинг харвах шийдвэрийг санал нэгтэйгээр батлах ёстой байсан аж. Ийнхүү санал хураалт явуулахад гурван офицерийн хоёр нь дэмжиж нэг нь цөмийн дайн гарахаас зайлсхийхийн тулд эсэргүүцсэн байна. Тэр офицерийг Василий Аржипов гэдэг байжээ.

Ганцаараа  татгалзсан офицер

ЗХУ, Куба, АНУ-ын дунд гарсан энэ мөргөлдөөн АНУ-ын тагнуулын албаныхан ерөнхийлөгч Жон Кеннедид ЗХУ-ын дундын зайн цөмийн баллистик  пуужинг Карибын энэ аралд байрлуулж байгааг нотолсон зурагнуудыг харуулсны дараа эхэлсэн байна. 1962 оны аравдугаар сарын 27-нд АНУ-ын  усан цэргийнхэн далайн гүнд ЗХУ-ын “В-59” шумбагч хөлөг онгоцыг  илрүүлжээ. Ингэснээр далайн гадаргуу дээр албадан гаргаж ирэхийн тулд гүний бөмбөг харвасан байна. Энэ нь шумбагч хөлөг онгоцонд дэлбэрэлт гарах болон цахилгааны систем нь доголдоход хүргэжээ. АНУ-тай дайн эхэлсэн талаар мэдээгүй цөмийн зэвсгээр зэвсэглэсэн шумбагч хөлөг онгоцны удирдлагад бие даан пуужингаа харвах эсвэл хариу цохилт өгөхгүй байх гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон байна. Тиймээс шумбагч хөлөг онгоцыг удирдаж байсан гурван офицер санал нэгдэж шийдвэр гаргах талаар хэлэлцжээ. Санал хурааж нөгөө хоёр офицер хариу гал нээхийг дэмжсэн ч Аржипов ганцаараа “Үгүй” гэж хэлсэн байна. Хэрвээ тэрээр пуужин харвахыг зөвшөөрсөн бол мөргөлдөөний дараагийн үйл явдал эрс өөр байх байсан аж. Сэтгүүлч Познер “Иймэрхүү  маягаар хоёр орон нэг нэгнийгээ устгахад ойрхон байсан. Одоо Карибын хямрал гэж байхгүй ч АНУ, ОХУ-ын хооронд үл итгэлцэх байдал үргэлжилсээр байна. Мөн  цөмийн зэвсгийн хүчин урд өмнө нь байгаагүйгээр хөгжиж байна. Хүмүүс “Дайн гарахгүй байх болтугай” гэж хундага өргөхөө больсон. Гэхдээ ямар ч үед би тэдэнд 1962 оны аравдугаар сарын 28-нд юу болсныг сануулахыг хүсч байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn