Бүх нийтийн амар амгалан байдлын төлөө цагдаагийн бие бүрэлдэхүүн цаг наргүй ажиллаж байгаа. Харин цагдаагийн байгууллагын нэр хүндийг нэр бүхий хурандаа нар нөхдүүд унагаж байна. Үүний нэгэн жишээ ЦЕГ-ын төв архивын дарга Д.Б байж болзошгүй мэдээлэл байна.

Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Чулуун овооны Яантагийн хажууд Окесикийн хашаан дотор байрлах РМТ ХХК-ийн худалдааны агуулахад хяналт шалгалт хийсэн байна.  Шалгалтаар хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа аж. Уг зөрчлийг  шалгаад гэмт хэргийн  шинжтэй бол цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах юм. Хэрвээ гэмт хэргийн шинжгүй бол Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу НМХГ-аас устгах арга хэмжээг авах  юм байна.

Тэгвэл зөрчил гаргасан байгууллагын захирлаар нь А.Алтанцэцэг гэгч этгээд ажилладаг бөгөөд тэрбээр ЦЕГ-ын төв архивын дарга, цагдаагийн хурандаа Д.Б гэгчтэй нэг хаяган дээр амьдардаг хамаарал бүхий этгээд  аж.

 

 

 

Өөрөөр хэлбэл ЦЕГ-ын төв архивын дарга, цагдаагийн хурандаа Д.Б-ын хамаарал бүхий этгээд ийнхүү ноцтой зөрчил гаргаж, олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулсан байгаа юм. Хэрвээ иргэн мэдээлэл өгөөгүй бол олон хүн хордох эрсдэлтэй байсныг НМХГ-аас таслан зогсоосон байна.

Харин ноцтой зөрчил гаргасан РМТ ХХК-ийн захирал А.Алтанцэцэгийн хамаарал бүхий этгээд болох ЦЕГ-ын төв архивын дарга, цагдаагийн хурандаа Д.Б нь ноцтой алдаа дутгадал гаргаж, өршөөлийн хуульд хамрагдаж байсан нэгэн юм байна. Бидэнд ирсэн мэдээллээр ЦЕГ-ын төв архивын дарга, цагдаагийн хурандаа Д.Б нь 2000 онд зодооны хэрэгт буруутгагджээ. Улмаар өршөөлийн хуульд хамрагдан Хүч спорт хороонд ажиллаж байгаад бууриа сэлгэж ЦЕГ-ын төв архивын дарга болжээ.

РМТ ХХК-ийн агуулахаас 30 нэр төрлийн 14 сая төгрөгийн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн байсныг илрүүлэн хураасан байна. Эдгээр нь хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн байсан аж. Түүгээр ч зогсохгүй тухайн байгууллага хугацаа нь дууссан бүтээгдэхүүний огноог засдаг гэх мэдээлэл байна.

Гаднаас нь харахад сэхээтэн гэр бүл, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахад ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгө мөнгөгүй мэт харагдах энэ гэр бүлийн нөхөр нь зодоон хийсэн ч цагдаагийн байгууллагын салбарыг тэргүүлж, эхнэр нь бүх нийтийг ийнхүү хордуулж байгаад уншигч та дүгнэлт хийх бизээ... \

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.