Дуучин Ш.Хүрэлээ баяр наадмын өмнөхөн "Мөнхийн Монгол Наадам" хэмээх шинэхэн клипээ цацаж олны хүртээл болгосон билээ. 

Тэгвэл түүний шинэхэн клипнийх нь хэсгээс Үндэсний урлагийн их театр баяр наадмын мэндчилгээний бичлэгтээ зөвшөөрөлгүй авч ашиглажээ. Ийнхүү их театрын хамт олон оюуны бүтээл хулгайлсан хэргээ яам руугаа чихсэн тайлбарыг дуучин залууд өгчээ. 

 

Энэ талаар Дуучин Ш.Хүрэлээ "Манай бүтээсэн зураг, дүрс бичлэгийг бидний зөвшөөрөлгүйгээр реклам, сурталчилгаанд ашиглаж байгааг мэдэгдэж байна. Энэ нь зохиогчийн эрх болон оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм. Иймд зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй этгээдэд нэн даруй ашиглалтаа зогсоож, контентоо устгахыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, хуульд заасан журмын дагуу эрхээ хамгаалах болно" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Үүний хариуд тус театраас "Энэхүү видеог яамнаас явуулсан юм. Оюуны өмчийн асуудалтай видео болсныг бид мэдсэнгүй ээ. Заримдаа яамнаас явуулсан видео, зураг, постерыг оруулах, ковероо солих зэрэг шаардлага гардаг. Энэ дунд асуудал үүссэн байна" гэжээ.

Буруу зүйлд уучлалт хүсэх нь наад захын ёсзүйн асуудал гэтэл Үндэсний урлагийн их театрынханд оюуны өмчийн хулгайгаа энгийн алдаа мэт үзэж буй бололтой. Уучлалт гуйх байтугай хээв нэг яамны алдаа гээд сууж байгаа нь харамсалтай. 

Клипний дүрснээс авч ашиглахаас гадна "Мөнхийн Монгол Наадам" дууны нэрнээс санаа авч Мөнхөд орших Монгол наадам гэж наадмын нээлтээ нэрлэсэн байх магадлал өндөр гэж үзэж буй тухайгаа дуучин Ш.Хүрэлээ ярилаа. Учир нь найруулагч Баярбаатарт энэхүү дуугаа наадмын нээлтэнд дуулуулах боломжтой юу гэж сонсгож уулзаж байхад үгийг нь  их харж ажиж байсан гэв.