Монгол улс ОУВС-тай гэрээ байгуулахад хэн юу хэлж "хэдэн төгрөгийн зээл авч байв"
2020/01/14
Манай улс "Саарал жагсаалт-"д өнгөрсөн онд орсон билээ. Тэгвэл энэхүү дуулиан намжаагүй байхад эдийн засгийн хүндрэлийг эс тооцоолон Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад буурлуудаа баярлуулчих санаатай гэнэтийн бэлэг барив.
Харин түүний гэнэтийн бэлгийг Сангийн сайд нь буюу ҮАБ-ын зөвлөлийн гишүүд нь "Тэтгэвэр тэглэх" асуудлыг мэдээгүй байсан хэмээн байр сууриа илэрхийлж, олныг талцуулаад авсан.
-З.Энхболд: Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз-
Тэгвэл Ерөнхийлөгчийн бэлэг энэ удаад Олон улсын валютын сангаас гэрээгээ зөрчлөө хэмээн мэдэгдэхэд хүргэв. Харин Ерөнхийлөгч тус сантай гэрээ байгуулаагүй гэв. Энэ талаар, ЕТГ-ын дарга З.Энхболд "Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Олон Улсын Валютын Сан (ОУВС) нь мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын хамтарсан мэргэжлийн байгууллага юм.
Уг нь УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгох хуулийн төслийг хэдийнээ баталчихсан. Гэвч уг шийдвэр нь ОУВС-тай хийсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тус сангаас мэдэгдээд нийгэмд дахин хариулт нэхүүлэхэд хүргээд байна.
Энэ талаар ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын засгийн газрын ахмад настнуудын 776 тэрбум төгрөг (283 сая доллар) өрийг эргүүлэн төлөх төлөвлөгөө нь 2017 онд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгод нийцэхгүй байна” гэж олон улсын мэдээллийн “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ.
Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг хоёр хувиарар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулж, засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна” гэсэн юм.
Монгол Улс 2017 онд ОУВС-тай байгуулсан "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн гэрээний дагуу олгох 5.5 тэрбум ам.долларын зээл хэрхэх эсэх нь тодорхойгүй байна.
-Тухайн үед ОУВС -тай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийж байх үед хэн юу хэлж байв гэдгийг эргэн сануулья-
Ерөнхийлөгч Х.Баттулга: ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байна. Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой.
Ч.Хүрэлбаатар: Бид 2017 оны төсвийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс 600 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан. Мөн Концессын гэрээ байгуулахад тавих хяналт, шаардлагыг сайжруулж, орлогоо бодитоор тооцож, зөв зарцуулах чиглэлд анхаарч ажилалаа. Ингэснээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, цаашид улсын өр нэмэх асуудлыг хумьсан. Би Хөгжлийн банкны хуульд ОУВС болон олон улсын өндөр түвшний экспертүүдийн саналыг хуульд тусгах ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж ирсэн. Тиймээс ОУВС-гаас ирүүлсэн 13 саналыг хуульд бүрэн тусгаж чадсан. Хөгжлийн банк нь Засгийн газрын баталгаагүйгээр өөрсдөө мөнгө босгох чадвартай, төрийн оролцоогүй бие даан шийдвэр гаргадаг ил тод үйл ажиллагаатай байх ёстой.
Г.Занданшатар: Төсвийн үр ашиггүй зардлуудыг танах, төсвийн орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанд миний хэлж байсан шаардлагуудтай ОУВС-гийн шаардлага нийцэж байгаа учраас би дэмжиж байгаа.
Манай зардлууд социалист маягтай, орлого тал нь капиталист маягтай болчихсон. Зарлага талдаа бид төрөл бүрийн нийгмийн халамжийн бодлогыг ихээхэн өргөжүүлдэг.
Орлого талдаа татварыг бууруулж, илүү либерал маягтай нэг шатлалтай татварын тогтолцоо руу шилжчихсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар ч тэр.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байна. Манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд бид эдийн засгаа солонгоруулах шаардлага үүсээд байна. Өнөөг хүртэл импортын урсгал давамгайлж байсан бол экспортод чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэрэгтэй.
-850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг авсан-
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болж гэрээгээ хийсэн. Энэ даруйдаа уг хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг Япон улсын Засгийн газраас хэсэгчлэн өгөхөөр болсны санхүүжилтийн эхний ээлж нь 32 тэрбум иены зээл болсон юм. Уг зээлийг “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” хэмээн нэрлэж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тодотгосноор бол энэхүү 283,3 сая ам.доллартай тэнцэж буй зээл нэн хөнгөлөлттэй зээлд хамаарна. Нөхцөлийн тухайд зээлийн хүү жилийнх нь 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь бол эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 6 жил аж. 1990-ээд оноос хойш Япон улс Монгол Улсын эдийн засгийн бүхий л салбарт тулгарч ирсэн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, 1991, 1993 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг импортлоход зориулж “Сommodity loan” буюу барааны зээл хэлбэрээр нийт 7,3 тэрбум иений зээлийг олгож байжээ. Энэхүү зээлийг хоол хүнс, нэн яаралтай тоног, төхөөрөмж болон нефтийн бүтээгдэхүүн импортлоход ашигласан аж. Мөн 2009, 2012 онуудад нийт 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений хөнгөлөлттэй зээлийг төсвийн зардлаа санхүүжүүлэхэд авч байжээ. Энэ удаагийн 5 дахь зээл нь ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцын хүрээнд болон Япон улсын Засгийн Газраас олгож байсан дэмжлэгээс хамгийн өндөр үнийн дүнтэй юм байна. Энэхүү зээл нь эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, эдийн засгийг өсөлтийг дэмжих зэрэг төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглагдах болно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байжээ.
Монгол хөгжих үү эс хөгжих үү · 2020/01/15
Ер нь зээл аваад л байдаг,тэрнийх нь 65% нь шат шатны даргацаруудын карманд ордог шүү дээ.эрэн сурвалжлах сэтгүүлчид ажлаа хийгээд ил гаргаад өгөөсэй дээ.
matilda · 2020/01/15
зочин · 2020/01/14
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн аалз Сангийн сайд байхад саарал байтугай хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.
Зочин · 2020/01/14