Miracle эмнэлгийн шүдний эмч Б.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Шүдний цооролт ямар шалтгаанаар үүсдэг вэ?

-Амны хөндийн ариун цэвэр муу сахиснаас шүдний цооролт үүсдэг. Түүнчлэн шүдийг буруу угааснаас шүдэнд өнгөр тогтон, цооролт бий болно. Бага насны хүүхдүүд шөнө мөөмөө хөхөж унтахад сүү нь хүчиллэг учраас хүүхдийн шүдний пааланг сийрэгжүүлж, цооролт үүснэ.

-Зарим хүний шүд нь жаахан өвдөж байгаад намдчих тохиолдолд эмчид үзүүлдэггүй, тоохгүй яваад л байдаг. Энэ нь тухайн хүнд ямар нэгэн сөрөг нөлөөг бий болгодог уу?

-Шүд цооролтын дунд үед хоол ундны үлдэгдэл цооролттой шүдний завсар ороход өвдөөд угаахад өвдөлт нь намддаг. Энэ үед нь эмчлүүлэхгүй бол цаашдаа сувгийн эмчилгээнд орох нөхцөл бий болно. Өөрөөр хэлбэл, шүднийхээ мэдрэлийг авахуулж, ломбодуулна гэсэн үг. Хэрэв шүд өвдөж байгаа л бол цооролт үүсч байна гэж ойлгох хэрэгтэй. Шүд түр хугацаанд өвдөөд, намдаад байна гэдэг чинь цоорчихсон байгаа хэрэг л дээ.

-Зарим хүмүүс шүд өвдсөн тохиолдолд өвчин намдаах эм зуугаад байдаг. Энэ ямар нөлөөтэй вэ?

-Эм зуух нь буруу л даа. Шүдний паалангийн хатуулаг чанарыг бууруулж, шүдний паалан үйрч унах нөхцөл эмний нөлөөгөөр үүсдэг. Шүдний паалан үйрч унаад байгаа нөхцөлд ломбодож, хэрэв ломбодоод ч тогтохгүй тохиолдолд шүдийг авах шаардлагатай болно.

-Шүд хорхойтсон тохиолдолд хэл ярианд өөрчлөлт ордог уу?

-Хэрэв үүдэн шүдэнд цооролт үүсэх буюу гэмтсэн тохиолдолд хэл ярианд өөрчлөлт орох тохиолдол бий. Харин араа шүдний тухайд, төдийлөн хэл ярианд өөрчлөлт ороод байдаггүй.

-Хүмүүс хүүхдэдээ ааруул идүүлбэл сайн гэх хэвшмэл ойлголттой байдаг. Хатуу зүйл идүүлэх нь шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүүхдийн сүүн шүд нь байгалийн шүдээр солигдох явцад хатуу юм идүүлбэл дараагийн гарч ирэх том шүдний зай тавигддаг. Тэгэхээр цагаан идээ идүүлэх нь хүүхдэд маш тустай. Ер нь шүд цоороогүй ч гэсэн гурваас зургаан сардаа эмчид үзүүлээд, зөвлөгөө авч урьдчилан сэргийлж байх нь чухал.

-Хүмүүсийн байнгын дадал зуршил нь шүдэнд сөрөг нөлөөллийг бий болгодог болов уу?

-Байнгын гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэр идээд амаа угаахгүй бол шүдэнд цооролт бий болно. Мөн кофе их ууж, тамхи их татдаг хүмүүсийн шүдэнд өнгөр тогтдог.

-Давсны хэт их хэрэглээ шүдэнд нөлөөлдөг үү?

-Давс их хэрэглэхэд шүдний паалан өнгөө алдаж, шүдний хатуулаг байдал алдагддаг. Тэгэхээр хатуу юм хазсан тохиолдолд шүд үйрч унана.

У.ЧИНЗОРИГ
www.dnn.mn