Дэлхийн 114 оронд бүртгэгдсэн коронавирусийн халдварын 118 мянган тохиолдлоос 90 хувь нь дөрвөн улсад л байна. Түүний хоёрт нь буюу Хятад болон Өмнөд Солонгост өвдсөн хүний тоо буурч байна” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ. 

Манай улс коронавирус бүртгэгдсэн 108 дахь орон болсон. Одоогоор халдварыг зөөвөрлөн ирсэн Франц улсын иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Харин дээрх иргэнийг 14 хоног өөрийгөө тусгаарлах гэхэд хэн нэгэн эрх дархтан ирээд авч явсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ нь ч өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Тэгвэл ийм онцгой нөхцөл үүсээд байхад сонгууль болох уу? 

Ердөө гурван сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байна. Нэгэнт халдвар бүртгэгдсэн тохиолдол өргөн хүрээнд тараахгүй, хумих арга хэмжээг яаралтай авахыг ДЭМБ-аас зөвлөсөн. Тэгвэл улс төрчид сонгуульдаа хүч үзэх ажилдаа шамдан мөнгө зарж эхлээгүй байгаа дээр эл асуудлаа шийдэх хэрэгтэй. Сонгуулийн жил сонгогчдын саналыг авах гэсэн явуургүй үйлдэл мэр сэр гардаг. Тиймээс иргэдийг олноор нь цуглуулах нь өндөр эрсдэлтэй гэгдэж буй энэ үед сонгууль явуулах хэрэг алга. Тэртэй тэргүй хуулиндаа онцгой нөхцөл үүсвэл хойшлуулах боломжтой гэж заасан байдаг. Харин үүнийг Засгийн газар шийдэх ёстой. 

Сонгуулийн тухай хуульд хэрэв онцгой нөхцөл байдал үүсвэл сонгуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулахыг заасан заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т хэрэв онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан.