Монгол хөгжиж, дэвшиж байна уу? Аль эсвэл ухарч, уруудаж байна уу?

Улаанбаатарын хувьд: суурь багатай, муутай шон шиг өндөр барилгууд, хад асган дундах зөрөг зам шиг нарийхан гудамжнууд, бүх хөдөлгөөний (машин, хүмүүсийн) түгжрэл, хөрс шороо, ус агаарын бохирдол, ямар ч төлөвлөлтгүй хотжилт, суурьшил, олон мянган хүний амь насыг хохироож, тахир дутуу болгож, өнчрөл хагацлыг үүдэж, олон айл өрхийн амьдралыг сүйтгэсэн буруу талдаа жолоотой, хуучин машинууд (актлагдсан, хэврэгшчихсэн) – энэ хөгжил, дэвшил мөн үү?... Зарим хүн мөн гэж, зарим нь ярвайж толгой сэгсэрч байна.

Боловсролын яамны хувьд: Хүүхдүүд цэцэрлэгээр, сурагчид сургуулиар, сургуулиуд багшаар гачигдаж, багш нар нь ядууралд автлаа. Их, дээд сургуулиудын чанар хуучны техникумуудын түвшинд хүртлээ доройтлоо.

Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй байх ёстой сэхээтний давхраа (дотоодын, гадаадын) хавтас, диплом барьсан, хулхи тал нь давамгайлсан бакалаврууд, магиструудаас бүрдэх болов.

Сургалтын төлбөр, авлига мэтэд зарцуулсан мөнгөний хэмжээ өссөөр байгаа хэдий ч залуусын мэдлэг, чадвар өсөх биш буурсаар байна. Ном, сонин, сэтгүүл гэх мэтийн илүү их үнэн мэдлэг, илүү их зөв мэдээлэл агуулдаг зүйлсээс, бүтээлч уншлага, оюуны хөдөлмөрөөс хүүхэд, залуус улам л их холдсоор, гар утас маажихад л улам их цаг зарцуулах болов. Ултай, үндэстэй, хичээнгүйлэн суралцах, ёстой л “сур, сур, бас дахин сур!” гэх уриаг мөрдлөгө болгох ухамсар, хүмүүжил алга болчихлоо...

Эрүүлийг хамгаалах яамны хувьд: хүмүүнлэг, энэрэнгүй, буяны гэгддэг энэ салбар бараг л эсрэг дүрдээ хувилаад байна. Үйл ажиллагаа нь бүх төрөл зүйлээрээ зөвхөн л ашгийн төлөө болчихлоо. Очер дугаар нь ч урт, үзлэгийн үнэ нь ч өндөр, хөөсөрсөн үнэтэй эм, бэлдмэлийн 30 шахам хувь нь хулхи, чанаргүй, эмч нарын ааш авир нь ч ширүүн, хүйтэн, ажилбар нэг бүрийн нь үнэ өссөөр, аппарат хэрэгсэл нь ихэнхдээ моралийн элэгдэл, эвдрэлтэй, эмч, сувилагчид нь ядууралд автсаар, хөдөлмөрийн нөхцөл ба ачаалал нь сайжрах биш хүндэрсээр...

Улстөрийн намуудын хувьд зөвхөн л тоо нь өссөөр, чанар нь хулгайчид, авлигачдын бүлэг, сүлжээ болтлоо уруудлаа, доройтлоо. Хатуу гишүүнчлэл нь хагарах, дайсагнах, хуйвалдах, саналаа худалдах, хор найруулах, урвах, улстөрийн янхандалт газар авах нөхцөлийг хот, хөдөөгүй, ил, далд цэцэглүүлчихлээ.

Төрийн төв байгууллагууд, албадын хувьд гааль, цагдаа, шүүх, татварын алба, хот, аймаг, сум хороондын захиргаанд иргэд итгэхээ, хүндлэхээ (өнөөдрийн жишиг, үнэлгээ цаашид лавширвал) бараг л 70-80 хувиар болихнээ.

Итгэл, сэтгэлрүү нь мөстэй ус асгасан мэт хэрэг, зөрчил, хулгай, луйвар, авлига хаана л бол хаана гарсаар тоо, хэмжээгээ ч алдлаа, бүртгэл ба тайлан ч үгүй боллоо. Хэрэг хуучрах, мартагдах, хүчингүй болох, нэг нь нөгөөгөөрөө булагдаж дарагдах процесс “Гиннесийн номонд ортлоо” өргөслөө, газар авлаа.

Хүний эрх, эрх чөлөө Монголд маань дарамтлуулах үүрэг, авлига өгөх үүрэг, луйвардуулах үүрэг, ядуурах, мөлжүүлэх үүрэг, өндөр хүү төлөх үүрэг, мөнгөний ханш уналтыг тэвчих үүрэг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд итгэсээр ядуурах, өлсөх, өвдөх, үхэх үүрэг шахуу болчихоод байна. Иргэдийн эрх, эрх чөлөө эсрэг дүрдээ хувилж хасах тэмдэгтэй, сөрөг утгатай боллоо.

 

Бусад бүх салбарын хувьд: байдал, нөхцөл нь, чадвар нь дээрдэх юмгүй, бүр дээр дооргүй л уналаа, доройтлоо, ялзарлаа, засрах, өөдлөх шинж 35 жилийн туршид ер алга хэвээрээ.Улс орныхоо хэмжээнд ахадсан энэ олон яам дунд сайнаар үнэлэгдэх нь ер байсангүй. Өмч хувьчлал нь аж үйлдвэрлэлийг устгаж, ажлын байрыг үгүйсгэв. Мөн хөдөө аж ахуйн дэвшилттэй бүтцүүдийг ч устгажээ. Мал аж ахуйг элдэв эрсдэлээс хамгаалах материал- техникийн баазгүй болгов. Бэлчээрийн усжуулалт хомсдолд оржээ. Ашиг шим багатай малын тооны хойноос хөөцөлдөхийг ХАА-н Яам урамшуулж эхлэв. Сайн малчдын тоо цөөрч гавъяат уяачдын тоо өсөв. Уралдах морьд нь л сайн чанарын тэжээл идэж, унага даага нь турж, чононд идүүлж, салхинд уруудаж, цасанд шигдэж үхэх нь ердийн үзэгдэл болжээ. Мал аж ахуй ажиллах хүчгүй болж эзэнгүйдэв.

Монгол хүн, Монголын иргэд бидний хувьд: иргэдийн мэдлэг, боловсрол ч доройтлоо, ёс суртахуун ч уруудлаа. Улстөрчид маань нийгэм дэх мөлжигч (паразит) давхраа боллоо. Иргэд маань хот, хөдөөгүй л тойроод нэгийгээ, бусдыгаа луйвардаж сурлаа, бүр гаршлаа. Хүн амын дунд хулхи эрдэмтэд, хуурамч дипломтонгууд, Баруунд сургууль төгссөн гэх цаасан малгайтангууд, тэнд тархи толгойгоо угаалгасан дүр эсгэсэн ардчилагчид цөөдөхөөргүй тоотой байх болов. Нөлөө, хорлол нь ч хэргээ хийсээр байна. Хэр чадвараа мэддэг, зөв үнэлдэг, ажил хэрэгч, шударга сэхээтний тоо ч цөөрсөөр. Хятад мэтийн аливаад ухаалаг, зөв ханддаг оронд уураг тархины хөгжил сайтай хүүхдүүд өсөж байгаа бол Монгол маань гар утасны хавсрага шахам болсон (уураг тархины хөгжил сул) хүүхдүүд өсөж байна.

Энэнийг багш нар ч, эцэг эхчүүд ч ойлгохгүй байна. Улс орон маань эдийн засгийн тусгаар тогтнолоо алдлаа. Үйлдвэрлэгч байснаа хэрэглэгч болж хувирлаа. “Сул дорой төр засаг улс орноо, ард түмнээ хорлодог” гэх үг үнэн ажээ.

Нийгмийн амьдралын бараг бүх тал буруу замаар орж, хохирол үзлээ. Өнгөрсөнд гарсан бүх алдааг засаж чадах хүн, хүч хэзээ, хаанаас гарч ирэх байна аа? Ийм эрэлд гарах, энэ учрыг ойлгох цаг болчихжээ, монголчуудаа! 35 жилийн дотор (1990-2025 он) чухам юу болоод өнгөрөв өө? Төрд маань, бас хүмүүст маань баялгийн хараал хамгийн хүнд хэлбэрээрээ тусчихаа юу? “Улс эх оронд чинь зөв, шударга улстөрчид байхгүй л бол хичнээн их баялаг байгаад ч ард түмэн жаргадаггүй” гэх үг бас буй. Энэ үг мөн л үнэн ажээ. Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, амьдралын түвшинг дээшлүүлэх нь төр, засгийн үндсэн үүрэг билээ. Энэ үүргээ орхих, мартах эрх ардчилсан төр, засагт бүү хэл хаант төр засагт ч байгаагүй юм. Энэнийг түүх гэрчилдэг. Гэтэл Монголд маань залуус мөнгө хөөгөөд цагаачид болсоор, автын аваараар, угаартаж, агаар болон хөрсний бохирдлоос шалтгаалж олон мянган хүний амь хохирсоор байна. Хүн амын маань хагасаас илүү нь ядууралд автлаа. Нийт иргэдийн, тэр дундаас эрэгтэйчүүдийн боловсролын түвшин ихэд доройтлоо.

Хорт хавдраар, зүрх судасны өвчнөөр нас барагсдын хувь хэмжээ Монголд маань дэлхийн хэмжээнд хамгийн өндөр болчихлоо. Энэ байдлыг аль болох богино хугацаанд засах, ядаж л дэлхийн дунджид ойртуулж бууруулахын төлөө төр, засаг дээд хэмжээний идэвх, санаачилгатай ажиллах ёстой.

Эсрэг тохиолдолд төр, засгийг хэдэн ч удаа болов огцруулах нь зүй ёсны хэрэг мөн болно. Ард түмнээ гэх сэтгэл, санаачилгагүй төр, засгийг удаан байлгаж яах юм бэ? Тийм төр, засагт сохор зоосны ч үнэ байхгүй. Өнөөдөр гэхэд Монголд маань төр, засаг нь ч хөл, толгойгүй, эрх барьж байгаа нам нь ч хөл, толгой нь тодорхойгүй болчихлоо шүү дээ. Улстөрийн нам төлөвших, дотоод ардчилал нь шаардлагын түвшинд байх, мөрийн хөтөлбөрөө ягштал сахих, биелүүлэх, улстөрчид нь ёс зүйтэй, хариуцлага, сахилгатай байх болзол, чанар яагаад ч юм Монголд маань буй болохгүй байна. Сайхан уламжлал, түүхтэй, гойд гаргууд эх орончидтой, парламент нь онцгой чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирсэн намуудтай улс орон тив бүхэнд л байгаа шүү дээ!

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

www.SONIN.mn