2020 онтой золгосон даруйд Монголчууд чихэр долоох хувьтай болоод байна. Учир юу гэхээр энэ жилийн зургаадугаар сарын 24-нд сонгууль болно. Сонгуулийн жил гоё нэртэй мөрөөдлийн төслүүдийг танилцуулж санал авах шалгарсан арга байлаа. Тэгвэл энэ аргыг нь сонгогчид хэдийнээ мэддэг болсон тул хууртана гэж үгүй. Гэвч үүнийг манай улс төрчид ухаарч, өөр замыг сонгохоо өдий болтол мэдэрч, ухаараагүй явна. Хуучин арга барилаасаа салж, амьдралд ойр зүйл амлаж өрсөлдөөсэй билээ. Эхнээсээ ард иргэдийнхээ доог тохуу болж байна. Тухайбал, автозам тавих амлалтаа олигтойхон хүрч чадахгүй байж мөрөөдлийн зам ярьж хөөсрөх юм. Нийслэл хотыг Дархантай холбосон 205 киллометр замаа олигтой тавьчихаж чадахгүй өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар 300 иргэн амиа алдсан тоо баримтыг автотээврийн газраас гаргасан байдаг. 60 сая ам.долларын санхүүжилтээр босох тус замыг шороо болгосон сайд нь  Үндэсний хөгжлийн газрын “Тэнгэрийн тойрог” төсөл буюу хотын А бүсэд зам барих юм. Энэ нь 6-12 метрийн өндөрт 13 км урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй төлбөртэй замын байгууламж барина гээд Засгийн газартаа танилцуулж зогсох юм. Бас болоогүй ээ орох, гарах 27 цэгтэй. Энэ төсөл хэрэгжсэнээр замын түгжрэл 45, агаарын бохирдол 20 хувиар буурах юм байх. Агаарын бохирдлоор үе үеийн улс төрчид мөнгө угаасан. Одоогийн хэрэгжүүлж байгаа шахмал түлш нь мөн л олон хүний амийг авч одсон. Тэр дундаа хүүхдүүд угаартаж хорвоог орхиж байгаад эмзэглэх улс төрч нэг ч гарч ирсэнгүй. Сайжруулж улам боловсронгуй болгох талаар ам нээхгүй байж дахин төсвийн мөнгийг салхинд хийсгэх төсөл боловсруулж суугаа нь даанч харамсалтай.  13 км гүүрэн замыг 800 сая ам.доллароор барина хэмээж буй нь үүний ард юуг өгүүлж буйг уншигч та гадарлах биз ээ. Өөрөөр хэлбэл нэг киллометр замыг 61,5 сая ам доллар буюу 166 тэрбум төгрөгийн өртөгөөр барина гэсэн үг юм. 

Нэг нийтийн тээврээс нэг ам.доллар буюу киллометр тутамд 15 центийн хураамж авбал, зургаан жилийн дотор зээлээ нөхнө гэсэн үзсэн байгаа гэдгээ мөн хэлээд авсан. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам, Нарантуул, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүрэх зам юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй. Концессоор барих аж.

Ийнхүү мөрөөдлийн замын өмнөх нь мөн л хотын түгжрэлийг бууруулах зорилготой танилцуулагдсан дүүжин тээврийн төсөл. Уг төслийг зарим учир мэдэх иргэд өвлийн цагт ашиглах боломжгүй хэмээж буй. Нийтдээ 60.5 сая еврогийн 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих төсөл. Эхний ээлжинд Баянхошуу, Ханын материал, гурав, дөрөвдүргээр хороолол. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолж ТЭЗҮ гаргасан байна. 

Дарханы там болгосон замаа эхний ээлжинд ашиглалтад оруулж иргэдийн эд хөрөнгө, амь насыг хохиролгүй болгочихоод дээрх мөрөөдлийн зам, агаарын замынхаа талаар мөрөөдөж суугаарай эрэхэмүүд ээ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч та нарын мөрөөдөлд харин иргэд хууртахгүй. УИХ-ын сонгуулийн араас нэлээдгүй өрсөлдөөнтэй болдог НИТХ-ын ажил идэвхтэй өрнөдөг тиймээс л дээрх төслүүд урган гарч ирж байгаа юм.