Эрүүлжүүлэх байранд  саатуулагдсан эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх байранд нийт 4625 эмэгтэй саатуулагджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт байна.

Насны хувьд 14-75 насны эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон, биеэ авч явах чадваргүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаанаар эрүүлжүүлэх байрт ирдэг байна. Иймд цагдаагийн байгууллагаас эмэгтэйчүүдэд дараах сануулгыг өгчээ.

  • Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах,
  • Олон нийтийн газар бусадтай хэрүүл, маргаан үүсгэхээс зайлсхийж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Аливаа хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх

Мөн бага насны хүүхдүүдийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газраас анхааруулж байна.