ЦЕГ: Сүндэръяагийн ээжийг хамтран амьдрагч нь хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь гэмтэл учруулсан
2020/09/17
“Улаан бал” нэвтрүүлгийн үеэр балетийн багш Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагатай холбоотой хэд хэдэн хэрэгт шалгалтын ажиллагаа хийгдэхгүй байгаа талаар дурдсан. Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах тодруулгыг өгсөн билээ.
Нэр төрд халдаж, дарамталсан гэх үндэслэлээр иргэн З-д холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн. Мөн Сүндэръяагийн ээж болох А-ын хамтран амьдрагч Т нь хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь гэмтэл учруулсан асуудал шалгагдаж дууссан. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 24-ны өдөр болно. Цагдаагийн байгууллага иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгахгүйгээр орхиж, ямар нэгэн байдлаар засаж өөрчлөх ямар ч боломжгүй.
Цагдаагийн байгууллагын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг. Түүний ярьсан мэдээллүүдтэй холбогдуулан өөрөөс нь тодруулах болно. Мөн тэрбээр “Цагдаагийн байгууллагын зүгээс худал ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан” хэмээн ярьсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл тараагаагүй. Харин үйл явдлын бодит мэдээллийг тавьсан гэж хэлсэн юм.