АН: хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 оныг дуустал олгох нь зөв
2020/10/21
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар, ирэх оны төсвийн төсөл, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Мөн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийт найман асуудал хэлэлцжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, “Дээрх хуулийн төслүүдийг ерөнхийд нь АН-ын бүлэг дэмжсэн.
Гэхдээ Сангийн яам үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Бүлгийн хурал дээр Сангийн яамнаас төсвийн талаар танилцуулга мэдээлэл өгөх байсан. Харамсалтай нь, орж ирсэнгүй. Энэ асуудлаар бид Засгийн газар, УИХ зэрэг зохих байгууллагуудад хандана. Мөн ирэх оны төсөвт хүүхдийн 100 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор тусгасан байна. Хэрэгцээ нь дуусахаараа харьцаа нь дуусдаг байж болохгүй. АН-ын бүлгийнхэн хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох нь зөв гэж үзэж байна” гэлээ.