Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ
2024/11/24
Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бусад энэ бүлгийн бараа, бүтээгдэхүүн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг талх, нарийн боов, мах сүү, өндөг шиг л өргөн хэрэглэгдэж байсан.
Тэр үед эдгээр барааны эрэлт, үнийн өсөлт инфляцад даруй нөлөөлсөн. Тэр ч утгаараа тухайн үед хэрэглээний сагсанд нэмж оруулж байсан. Манай улс хэрэглээний сагсаа таван жилд нэг удаа шинэчилдэг бол цар тахлаас хойш гурван жилд нэг удаа шинэчилдэг болсон нь хэрэглээг дагаж сагсаа богино хугацаанд шинэчлэх хэрэгтэйг нэг удаагийн улавч, амны хаалт мэдрүүлсэн хэрэг. Тэгвэл өнөөдөр инфляц 7.0 хувь дээр байна. Энэ тоог хоёр оронд хүргэхгүй барих тухай Монголбанк ярьсаар л байдаг. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтийг нэг орон дээр тогтоох нь чухалд үзэж тоонд ач холбогдол өгсөөр ирсэн. Гэтэл инфляц ачир дээрээ өнөөдрийн нөхцөлд аль хэдийн хоёр оронтой тоонд хүрсэн байх магадлалтайг зарим эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, инфляц өсөх, тогтвортой байхад бидний өдөр тутмын худалдан авалтад ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн зонхилдог, тэдгээрийн үнээр инфляцыг тооцож буй нь юм. Эдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлээд хэрэглээний сагс гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар хэрэглээний сагсыг өргөн хэрэглээний 410 нэр төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж буй. Харин эдгээр зарим хүнсний тухайлбал, хоол хүнс буюу давс, талх зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын өсөлтөд тийм ч их нөлөөтэй биш байгааг судлаач хэлж байна. Харин улирлын шинж чанартай бүтээгдэхүүний үнэ янз бүрээр хэлбэлзэж байна. Тухайлбал, махны үнэ, идэшний цагт махыг их хэмжээгээр бэлтгэх явцад буурдаг. Мөн хэрэглээнд өөрчлөлт оруулж буй зүйл нь нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортолж байна. Суудлын автомашины хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр АИ-92 шатахууны хэрэглээ өсөж байгаа нь өрхийн хэрэглээний сагсанд шууд нөлөө үзүүлж байна.
Түүнчлэн өрхийн хэрэглээг өөрчилж буй өөр нэг зүйл бол эм, эмийн бүтээгдэхүүн. Сүүлийн жилүүдэд эм, эмийн бүтээгдэхүүний үнэ хурдтай өссөн. Үүний өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг тогтоохгүй байна. Инфляц нь дээр өгүүлсэн 410 гаруй бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг харуулж байгаа тодорхой нэг бараа, тухайлбал, эмийн үнийн нөлөө бага тусаж байгаа тул инфляц буурч байгаа мэт харагдаж байж болно. Эндээс хэрэглээний өөрчлөлтийг нь авч үзвэл хэрэглээний сагсанд ордоггүй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байгаа юм биш биз гэдэг нь анхаарал татна.
Барааны бүлгээр биш орлогын давхаргаар хэрэглээний сагсаа өөрчилдөг байх
Үндэсний статистикийн хороо (ҮСХ) инфляцын түвшнийг хэрэглээний сагсаар тооцон гаргадаг. Хэрэглээний үнийн индексийн сагсанд 12 бүлгийн 370 гаруй нэр төрлийн бараа, үйлчилгээг тооцон авч үздэг байсан. Тэгвэл 2023 оны хамгийн сүүлийн хэрэглээний сагсыг өөрчлөлтөөр 13 бүлгийн 410 бараа, үйлчилгээ болж нэмэгдсэн. Шинэчлэгдсэн сагсанд хүргэлтийн үйлчилгээ, даатгал, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмж оржээ. Импортын барааны хувьд нарийн ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн, дээрээс нь гэр ахуйн болон цахилгаан бараа, мөн эмийн зарим нэр төрлийн бараа нэмэгджээ. Гэхдээ эрэлт ихтэй эмийг судалж оруулаагүй байна. Дундаж давхарга хүчтэй бол инфляцад өртөх эрсдэл бага. Өнөөдөр инфляцад бага орлоготой давхарга хамгийн их өртөж байна.
Сүүлийн үед электрон барааны хэрэглээ нэмэгдлээ. Компьютер, утас, таблет, интернетээр ном уншдаг төхөөрөмж, чихэвч гээд урд өмнө хэрэглээ багатай байсан барааны эрэлт хэрэгцээ ихэссэн. Энэ бүтээгдэхүүн хэрэглээний сагсанд орох уу гэдгийг судалж үзвэл ялгаатай дүр зураг харагдана. Мөн сүүлийн үед хүмүүс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаадад ч, мөн дотоодод ч ялгаагүй их хэрэглэх боллоо. Ийм бараа, үйлчилгээ хэрэглээний сагсанд орвол инфляцыг хэлбэлзүүлэх учраас үүнийг авч үзэхгүй ерөнхий хэрэглээний түвшин илэрхийлэх үзүүлэлтийг л авч үзээд байна.
Тэгэхээр шинээр хэрэглээнд нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хэрэглээний өөрчлөлтийг дагаж хэрэглээний сагсыг өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гурван жилээр биш улирал тутамд хэрэглээний сагсны өөрчлөлтийг хийж болохгүй гэж.
Түүнчлэн инновацын туршилтыг янз бүрээр хийж, технологийг янз бүрийн салбарт хөгжүүлэх гэж оролдож байна. Ийм шинэ бараа бүтээгдэхүүн тэр бүр хэрэглээний сагсанд орохгүй байна. Мөн шинээр хэрэглэж эхэлж буй бараа бүтээгдэхүүнүүд байна. Тухайлбал, өнөөдөр хүмүүсийн хүнсний хэрэглээнд гурил, мах, жимс, ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг тав, зургаан бүтээгдэхүүн бол өдөр тутмын хэрэглээнд байдаг л зүйл. Гэтэл сүүлийн үед эрүүл байхад анхаарч хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагад илүү анхаарч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэх болсон. Энэ нэмэлтээр хэрэглэж буй бүтээгдэхүүн нь цахим худалдаа, худалдааны цахим сүлжээ, импортоор ихэнхдээ ирж байна. Шууд худалдаа болон хувь хүмүүс ч өөрсдөө оруулж худалдаалж байдаг. Энэ өөрчлөлтийг инфляц хэрхэн тусгах вэ гэдгийг ҮСХ анхаарч үзэх шаардлага үүсжээ. Хүмүүсийн хэрэглээнд шинэ, шинэ өөрчлөлт гарсан. Үүний нэг жишээ нь, залуус өдөр тутамдаа кофе их хэрэглэж байна. Хэрэглээнд орсон шинэ өөрчлөлт тэр бүр шууд хэрэглээний үнийн сагсанд орохгүй учраас үнийн өөрчлөлтийг тооцоход хүндрэлтэй байна.
Орлогоос хамаарч хэрэглээ өөрчлөгдөж байна
Монгол Улсын хувьд орлогын бүлгийн хэрэглээг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнд орлогын бүлгийг тав хувааж, үүнд тохирсон хэрэглээний үнийн индексийг тооцохоор сагс бүрдүүлбэл өөр, өөр үзүүлэлт гарна. Өнөөдөр улсын хэмжээнд ерөнхий инфляцыг харуулж байна. Тиймээс орлогын олон бүлгээр ангилбал хэрэглээний сагсны өөрчлөлтийг зөв илэрхийлнэ гэж эх сурвалж хэлж байна. Өндөр хөгжсөн оронд орлогын арван бүлэгт ангилж хэрэглээний үнийн сагсыг тодорхойлдог. Тэгвэл бид ядахдаа таван бүлэгт хувааж хэрэглээний үнийн сагсыг тодорхойлж үзэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна. Хэрэглээ зарим орлогын бүлэгт эрс өсөж байхад зарим хэсэгт сайн нэмэгдэж чадахгүй байна. Гэтэл өсөж буй бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцанд ажиглагддаг. Тансаг орон сууцны эрэлт буурахгүй, стандарт орон сууц борлогдохгүй байна. Энэ хоёрын зөрүү нь орлогоор хэмжигдэж байна.
Бид хэчнээн ипотекийн зээлийг хөгжүүлж байгаа ч ийм ялгаатай харагдаж байна гэсэн үг. Тухайлбал, хүмүүст зээлийн нөхцөлөөр аялах боломжийг олгож байна. Гэхдээ иргэд зээлээр аялж байна уу, эсвэл орлогоо хадгалж аялж байна уу гэдгийг ялгах боломжгүй байгаа юм. Магадгүй иргэдийн аль бүлэг, давхаргынх илүү их зээлээр аялж байна вэ гэх асуулт гарч болно. Өнөөдөр суудлын автомашины хэрэглээ импортыг нэмэгдүүлж байна. Энэ мэтчилэн хэрэглээнд өөрчлөлт гарсан. Нэг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дадаагүй байхад дараагийн бүтээгдэхүүн хэрэглээнд ордог. Гэтэл үүнтэй зэрэгцээд дахиад л шинэ бүтээгдэхүүн худалдаанд гардаг. Орлогын давхаргаар хэрэглээ өөрчлөлтэй байна. Үүнийг бид сайн судлахгүй байна. Хүмүүсийн хувьд хүлээлтийг нь судалж байна. Хэрэглээний язгуур өөрчлөлтийг нь бага судалж байна гэж МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа онцолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/24
XUCHINDX AXN TAALLR80955877
Зочин · 2024/11/24
SADARLMR80955877TSGN UILCHLGG