Монголчууд бид ерэн онд л үнэнээсээ тэмцэж, үнэнээсээ өлсгөлөн зарласан юм байна. Түүнээс хойших бүх жагсаал, өлсгөлөн цуглаан... бүгдээрээ хуурамч, хулхи, ямар нэгэн эрх ашигт үйлчилсэн, бусдыг дээш гаргах гишгүүр, эсвэл доош нь хийх хэрэгсэл болж байж.

Энэ бүх хулхи жагсаалууд монголчуудыг унтраасан байна. Одоо өөрсдийнхөө байж байгаа царайг хар даа, “Юмны үнэ тэнгэрт хадлаа, яаж амьдрах юм бэ” гэж гэртээ халаглаад суухаас өөр ид шидгүй үхээнцүүд. Аль ч утгаараа ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэх ёстой. Өдөр ирэх тусам амьдрал хүндэрч байхад монголчууд ажин түжин суусаар байгаа нь ирээдүйн муу цагийн дохио. Угаасаа муугийн дохио байдгийг бидний өнгөрсөн түүх гэрчилнэ. 1911 оны хувьсгал бол монголчууд тартагтаа тулсан хойноо л хийсэн хувьсгал шүү дээ. Тухайн цагт ертөнцийн чихэнд юу гэж бичигдэж байсан гэхээр “Их газрын гүнд амьдардаг, бие дээгүүр нь жижигхэн хорхойнууд гүйлдэн байдаг цөөхөн үндэстнийг монголчууд гэнэ. Тэд өдгөө 400 мянга хүрэхгүй үгүйтэй болсон, мөхөж байгаа юм. Тэдний нийслэл болох Их хүрээний гудамжинд олон зуун ноход хүмүүсийг гудамжинд үхэхийг хүлээгээд тойроод хэвтэцгээж байдаг. Нэгнээ үхэж байхыг тоохоо больсон ард юм” гэж бичсэн аян замын тэмдэглэлүүдийг Европын номын сангаас одоо ч олж уншиж болно. Иймдээ хүрсний эцэст их үндэстний үлдэгдлүүд юм гэсэндээ босч тэмцэж, буцалж байж Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн юм. Шашны нэвт нөлөөнд автаж, даруу дорой байх үзэл сурталд идэгдсэн монголчуудыг мөхөл л хүлээж байсан юм. Ийм дорой үндэстнийг их гүрнүүд эрх ашгийнхаа талбар, зодоондоо түрээсэлдэг газар, жийргэвч улс болгосон юм. Гэхдээ тэр үедээ тэмцсэн, тэмцсэн нь бахархмаар их ач тус, түүхэн үр дүн авчирсан билээ. Арван нэгэн оны энэхүү хувьсгал хийгдээгүй бол Ардын хувьсгалын 100 жилийн ой гэж өнөөдөр байгаа ч үү, үгүй ч үү. Үүний дараа түүхэн ач холбогдлоороо 1990 оны Ардчилсан хувьсгал яригдана. Энэ цаг үе, нийгмийн үйл явцыг хүн бүр мэднэ. Хуарангийн амьдралаар амьдарсан соц нийгэм шүү дээ. Ихэнх нь эсгий гэрт, талх масло иднэ, ижилхэн хувцас өмсөнө, орой нь гурилтай шөлөө ууна. Үүнээс илүүг идэж ууж, эдэлж хэрэглэх хориотой. Хувийн машин байтугай хувийн малтай байж болохгүй он жилүүд. Үзэл суртлын хүлээсэнд, нүдгүй, амгүй мэт явсан сэхээтнүүдтэй нийгэм, даргаа муулахад хувь заяа нь харанхуй нүхэнд булагдана. Сайн найз байтугай төрсөн дүү чинь чамайг НАХЯ-нд матна. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй. Ийм болчихсон ард түмэн тэгээд яах юм, босно, тэмцэнэ. Ингээд ерэн оны хувьсгал хийгдсэн. Өдгөө 30 жил өнгөрчээ...

Өнөөдөр бид ямар болчихсон байна. Гар утаснаасаа сошиалд хэн нэгнийг чөлөөтэй зүхэж дур тавьдаг эрх чөлөөндөө л ханаж цадаж амьдарч байна. Нэг дарга нь муухай харагдвал түүнийгээ зүхчихнэ. Талхны үнэ, махны үнэ, бензиний үнэ бүгд нэмэгдэхэд мөн л гар утсандаа агсам тавьчихна. Тэгэнгүүт болчихож байгаа юм шиг, өөрсдийгөө хуурсан өрөвдмөөр ард түмэн. Үнэн хэрэгтээ энэ улс орныг тонон дээрэмдэж, гадагш нь зөөж, гадныхны мөнгийг угааж байгаа хэдэн хүнд монголчуудын тэрхүү сошиал дахь агсам тавилт огтхон ч нөлөөгүй. Ард түмнийг халамжаар амыг нь таглачихаад явж байгаа эрх баригчид, Их хурлын гишүүдийн хувьд “Жингийн цуваа явдгаараа л явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцаж л байг...” гэсэн тохуутай сууцгааж байна. Ер нь бол та бидний хэдэн постыг тоож унших ч үгүй, “жингийн цуваа”-нууд шүү дээ. Жингийн цувааны хойноос жингэрийн гөлөгнүүд хуцаад л үлддэг байхгүй юу.

Туурга тусгаар улсын ард түмэн ийм арчаагүй байж болохгүй. Өнөөдөр та нарын эрх зөрчигдөж, та нарын амьдрал хүндэрч, та нар нийгэмд дорд үзэгдэж байгаа бол Та бидний өөрсдийн хохь. Та бидний сонгосон төр. Та нарыг харахаараа инээж саналыг чинь авчихаад, хаалганы цаана “Эд муусайнуудад угаадасыг нь олигтойхон өгөөд, уяаг нь богинохон тааруулчихаарай” гээд инээлдээд сууж байгаа хүмүүс. Одоо утаа, түгжрэл хоёр эхэллээ. Ийм цагаар тэд эхнэр хүүхдээ аваад халуун тив, далайн эрэг рүүгээ ниснэ. Тэндээсээ утсаараа Монголын төлөө санаа зовж байгаагаа бичиж, нөгөө гараараа казино тоглон өвлийг өнгөрөөнө. Бодит үнэн энэ.

Басчиг Монголын ард түмэн нийтээрээ мангар тэнэг болчихоогүй болохоор зарим буруу зүйлд нүд хурц мэдрэмж байна. Тийм үед та нарын анхаарлыг дор нь өөр зүйлд чиглүүлнэ. Юу босч ирэх үед даруйхан Замын-Үүд дээр Засгийн газрын гишүүд давхиж очин баривчилгаа хийсэн нэр зүүж нийгмийн анхаарлыг өөр зүгт шилжүүллээ, сана даа. Дөнгөж сая юунд ард түмэн олноороо дургүйцтэл гэртээ баахан мөнгө хадгалсан хурган дарга нарыг баривчилж, шударга ёс тогтоож байгаа дүр эсгэв, дараа нь бүгдийг нь суллав... Өөр цаашид юуг юугаар дарах нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл явагдахыг мэдэхгүй.

Энэ бүхэн тэгээд үргэлжилсээр байх ёстой юу, монголчууд аа. 1911 оны үеийнх шигээ үгүйрэл хоосрол, өвчин зовлон, өр зээл, нөхөн үржихүй... бүгдийг нь шороотой хутгаж, ертөнцийн чихэнд хэн ч тоохооргүй болчихсон хойноо амаа барих гээд байгаа юм уу. Эсвэл ерэн оны өмнөх шигээ хуарангийн амьдралдаа орж, мал шиг хариулганд орсон хойноо сэрж санах гэсэн юм уу... Одоо бол цаг үе өмнөх шигээ биш ээ, огт өөр. Бүх зүйл дээд зэргийн технологийн хурдаар хийгдэж байна. Технологийг сайн муу бүхэнд ашиглаж байна. Ийм цаг үед нэгэнт доошоо орсон ард түмэн дээшээ гарах боломжгүй болчихоод байна. Үндэстнийг мөхөөх нь тэдний санаанд багтдаг болчихсон тийм цөвүүн цаг үе ирчихээд байна. Монголчуудыг дотроос нь маш их сараачиж байна. Ердөө хэдхэн хүний хүрээнд улс орны хувь заяа шийдэгдэхээр байна. Ийм эмзэг, хэврэг, хаашаа ч эргэж мэдэх цаг үед монголчууд бид ийм бэртэгчин байж болохгүй. Бэртэгчин байгаа тодорхойлолтыг чинь энд сайн хэлье. Жалга жалгандаа амиа аваад явдаг байсан бидний өвөг дээдэс, бидний уламжлал өнөө хэр бидний оюун санаанд хадгалагдаж байна. Өнөөдөр та идэх хоолтой, өмсөх хувьцастай, унах унаатай, нэг муу байр оронтой, бусдаас хамааралгүй болоод байгаа байж болно. “За манайх гэдэг айл л болж байвал бусад нь хамаа алга” гэх шиг телевизийн удирдлагаа бариад диван дээрээ хэвтээд байж болно. Нэг л өдөр танай хаалгаар Монголын зовлон гуйранчлал орж очно. Нэг л өдөр сургууль дээрээ сурч байсан хүүхдийн чинь эрх энэ зовлонд өртөнө. Нэг л өдөр төрийн дээрэнгүйлэл таныг машинтай чинь зам дээр зогсооно. Нэг л өдөр таны эрхэлж байсан жижиг бизнес рүү хуулийн хулгай гар дүрэн орж ирнэ, та орлогоо хураалгана. Таны алхам тутамд чинь өнөөдөр Монголд нүүрлэж буй хүндрэл бэрхшээл бүхэн мөр даран явж байна. Энэ бүхэн нэг л өдөр танаар зогсохгүй, таны үр хүүхдийн ирээдүйн сайн сайхныг хулгайлчихсан байх вий. Тийм болохоор та иргэний ухамсраа сэргээ, улс орны хувь заяанд санаа тавь, хэлэх ёстой үгээ хэлэх ёстой газар нь, хэлэх ёстой цагт нь хэлж сур. Хэн өнөөдөр шударга үнэний төлөө дуугарч байгааг ялган салгаж хар. Монголын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ тэмцэж яваа бүх хүнийг та дэмж, санаа бодлоо нэгтгэж бай. Таны оролцоо заавал гудамж талбайд гарч жагссанаар хэмжигддэггүй юм. Ядаж л үнэний талд дуугарч байгаа чөлөөт хэвлэлүүдийг дэмжихээс эхлэхэд л болдог юм шүү дээ...

Б.НЯМАА