Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан асуудлуудаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлагыг өчигдөр авсан юм.

Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал тусгагдсан байжээ. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн Жастин Каплад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган уучлал үзүүлсэн. Тухайн үед нь би хоёр орны гадаад харилцаатай холбоототй асуудал хэмээн хүндэтгэлтэй хандсан. Жастин Капла нь уучлал үзүүлсний дараа Монгол Улсад учруулсан өрийг төлөх ёстой байсан ч ямар нэгэн байдлаар зувчуулж эхэлсэн. Саяхнаас энэ өрийг төлөхгүй гэсэн асуудал яригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хүчингүй болгох, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага аваад байна.

АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн ч татвар төлөхгүй гэж байгаа нь харамсалтай байна. Энэ нь Монгол Улсыг доромжилсон, дорд үзсэн явдал юм. Түүнчлэн татварын асуудалтай олон хүмүүс өршөөгдөж болох нь гэсэн ойлголтыг төрүүлж байна. Энэ бол шударга ёсыг үнэгүй болгож байгаа үйлдэл. Иймээс татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох хэрэгтэй. Иймд энэ асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусгавар болмогц үргэлжлүүлэн хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэх шаардлагатай" гэв.