“Малын хулгай гарсан гэнэ, машинаа өгөөч” гэж захиргаа хавиар гүйх сумын цагдааг өрөвдөх ч шиг инээд хүрэх ч шиг. Түүнийг хараад төрийн ажил хийж байж ганц унаатай болоход яадаг байна гэх үе ч байлаа. Ууланд гарсан малын хулгайны араас улсаас тавьж өгсөн хувцаснаас өөр юмгүй энэ муу цагдаа яваад юу олж долоох вэ дээ ч гэж бодох үе надад байсан. Гэтэл тийм биш бололтой. Төрийн өмнө тангараг өргөсөн хүний ачаа, үүргийг хамгийн хүнд хэцүү үед үнэнчээр биелүүлдэг хүн бол сумын цагдаа юм байна. Би сумын цагдаагийн гэрт очиж үзсэн. Тэр төрийн албан томилолтоор аюулгүй байдлыг хангахаар тухайн сумд хувиарлагдан очсон. Тиймээс өөрийн гэх сайхан тав тухтай гэр орон байхгүй. Оноож өгсөн байранд нь л орно. Тэрхүү байр нь цагдаагийн тасаг. Нэг үгээр хэлбэл сумын цагдаагийн ажлын байр, амьдрах гэр нь болдог. Мөн хэрэгтнээ саатуулах газар байхгүй. Сэжигтнүүдтэйгээ хоолоо хувааж идээд, шөнө унтахдаа хувь заяандаа найдаад хамт хоночихдог. Тэгэхээр түүний ажлын цаг дуусна гэж байхгүй. Заримдаа цагдаагаа төр шийтгээд байна уу, хулгайчаа төр эрхлүүлээд байна уу гэж бодмоор санагдах үе ч гардаг аж. Ажлын хар гутлаа гялалзтал өнгөлөөд, дүрэмт хувцсаа тэвхийтэл индүүдээд өглөө ажилдаа орох сумын цагдаагийн нэг өдрийн ажилтай санаандгүй танилцах завшаан надад олдсон юм. Манай улсын нутаг дэвсгэрт орших нэг сумын хүн ам хамгийн багаар бодоход 400 гаруй. Гэвч тэр суманд хоёр л цагдаа ажиллана. Өнөө цагт найр ихэдсэн хэдий ч найз ховордсоныг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс бүхэл бүтэн нэг сумын амар амгалангийн төлөө хоёр бие, дөрвөн нүд ажиллана гэдэг чамлалттай тоо санагдаж байгаа биз. Сумын төвөөс 70 гаруй километрийн цаана намаржиж буй малчин Г-гийн үхрээс нэг сувай үнээг нь ойролцоох жалганд төхөөрөөд ачаад явчихсан байна гэсэн мэдээлэл авсан сумын цагдаа өгүүллэгийн эхлэл шиг унаа хайн захиргаа хавиараа гүйж, сумын удирдлагуудыг царай алдан байж нэг машин олоод малчин Г-гийнд хүрчээ. Үхэр төхөөрсөн жалганд нь машины татлаганы хоёр ч тасархай олс, үхрийн толгой, шийрнээс өөр зүйл байсангүй. Малчнаас мөр хөөх, хаана хэдэн цагийн үед байсан, ойр хавиар ямар машин явж өнгөрсөн гээд цагдаа мэргэжлийнхээ дагуу тодорхой тодруулга аваад ажлаа эхэллээ. Хөдөөний зам гэж түмэн салаа тэгээд ч унаа тэрэг их болсон болохоор ямар машин аль замаар явсныг тогтоох шиг бэрхшээлтэй зүйл үгүй.
  Ингээд л хэн хүнийг хардах, сэрдэх нь гол биш жинхэнэ гэмт хэрэгтнийг олох, сэжигтнийг байцаах гээд цагдаагийн ажил ундарч эхлэв. Гэвч сумын цагдаа гярхай, ажигч зан, мөн нутгийн малчдын ач буянаар гэмт этгээдүүдийг Эмээлт өртөө хүрэхээс өмнө барьж амжжээ. Ингээд сумын төвдөө хэрэгтнүүдийг барьж ирээд байцаалт авч байтал, гэртээ архидан согтуурч агсам тавьсан дуудлага ирэв. Ажлынхаа умгар өрөөнд амьдардаг сумын цагдаа ийнхүү нэг шөнө малын хулгайч, архичин гээд хэд хэдэн хүнтэй нүд цавчилгүй ажил үүргээ гүйцэтгэж хононо. Энэ мэтээр сум бүхэнд сумын цагдаа ажилласаар л. Тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн С.Мөнх-Эрдэнийн гэр бүлийг Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч И.Чинбатаар ахлуулсан албан хаагчид галын аюулаас аварсан. Мөн Увс аймагт үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан 20 гаруйхан настай цагдаа хүний гарт эрдэнэт амиа алдсан, Хэнтий аймгийн Дадал суманд Чингэлтэй дүүргийн харьяат, 29 настай Н гэгч өөрийн төрсөн ах болох 33 настай Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бөөрөн тус газар нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 8-ны 22.00 цагийн үед гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Сэжигтэн этгээд хэргийн газраас ТОЗ-8 маркын буу болон 100 ширхэг сум авч, оргон зайлсан байна. Хэргийн мөрөөр ажилласан “Тусгай бүлэг”- ийн долоон алба хаагч өнгөрөгч арваннэгдүгээр сарын 9-ний 06.40 цагийн орчимд Дадал сумаас урагш 25 км-ын зайд байх Онон багийн нутаг, Угалзарын адаг гэх газраас сэжигтнийг баривчилжээ. Төрсөн ахынхаа аминд хүрсэн Н гэгчийг баривчлах үед тэрбээр цагдаагийн алба хаагчдыг буудахыг завдсан гээд хэд хэдэн жишээг энд дурьдаж болно. Ийнхүү төрийнхөө өмнө тангараг өргөсөн цагдаа маань түмнийхээ амар амгалангийн төлөө нүд цавчих эрхгүй ажил үүргээ гүйцэтгэж явна. Ар гэрээсээ хол ч ард түмэндээ өргөсөн тангарагаа биелүүлж яваа сумын цагдаа халуунаас халгаж, хүйтнээс зугтана гэж үгүй.
  Төрдөө гомдох эрхгүй тэдэнд удирдах салбар нь хараа хяналт тавьдаг хэдий ч хангалт, хангамж хүрэлцээтэй гэж хэлэхэд хэцүү биз ээ. Цагдаа, эмч хоёр байнгын бэлэн байдалд, ард олны төлөө амь хайргүй зүтгэх онцгой үүрэгтэй, тангараг өргөсөн тусгай хүмүүс. Гэвч манай цагдаа нарын цалин өнөөдөр хэд билээ. Өрх гэрээ авч явахад нь өнөөх хэд нь хүрэлцэхгүй. Гэхдээ л алба ажлаа цалгардуулан, амин хувиа бодох хүн ховор. ЦЕГ- ын даргын зөвлөлийн гишүүд, албадын дарга нар хөдөө, орон нутгийн цагдаагийн газар болон анхан шатны нэгжүүдэд ажиллаж байна. Тэд Засгийн газрын бодлого, цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөр, бодлого, зорилтыг алба хаагчдад танилцуулсан. Мөн иргэд, орон нутгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон хууль хяналтын байгууллагуудын удирдлага, цагдаагийн байгууллагын алба хаагчидтай уулзан санал хүсэлтийг нь сонсон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай ярилцан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чамгүй анхаарал тавьжээ. Энэ бол иргэнээ хайрлах төрийн сэтгэл юм. Ингэж хэлэхийн учир нь төр цагдаагаа хайрлаж, цагдаа нь иргэдээ хайрлах ёстой. Харин иргэд нь ч цагдаагаа хайрлах нь чухал. Өнөөдөр эгэл бидний төлөө хэчнээн олон цагдаа амь насаа алдаж, хүнд хөнгөн гэмтэл авсныг бид мэдэхгүй. Гэвч цагдаа л биднийг хайрлах, хамгаалах, аврах ёстой гэх бодлоо түр ч атугай хойш тавиад бид цагдаагаа хайрлах ёстой гэж ганцхан удаа хамтдаа бодож үзье. Толгодын дунд өндөлзөх сумын төвийн минь хэдэн цагаан байшин одоо ч нүдэнд тодхон харагдсаар л. Тэр байшингуудын нэгэнд нь манай сумын цагдаагийн тасаг байрладаг. Тэрхүү тасагт хэрэг зөрчил, гэмт хэргийг таслан зогсоохоор үүрэг хүлээсэн 20 гаруйхан насны цагдаа хавтаст хэргээ бүртгэж суугаа. Төрийнхөө сүлдийг магнай дээрээ залсан энэ л залуу бидний хойч ирээдүй, амар амгаланг хамгаална.
 
В.НЭРГҮЙ