Алт гарсан сургаар орон нутагт хүссэн газраа гар аргаар олборлогчдыг нинжа гэдэг. Нинжа нар сүүлийн жилүүдэд зохион байгуулалтад орж хувиараа ашигт малтмал олборлогч болсон. Нинжа, хувиар ашигт малтмал олборлогчдын хэн хэн нь татвар, даатгал төлдөггүй, газар ухах зөвшөөрөлгүй иргэд.

Харин зөвшөөрөлтэйгөөр нөхөрлөл байгуулан, татвар даатгал төлдөг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж олборлолт явуулсны дараа нөхөн сэргээлт хийдэг хүмүүсийг нь бичил уурхайчид гэдэг. Бичил уурхай нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг гэхээсээ илүү ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг эерэг үр нөлөө авчирдаг. Тиймээс бичил уурхай бүхий улс орнууд үүнийг эдийн засаг, нийгмийн салбар болгон хөгжүүлэхийн тулд, ядуурлыг бууруулах, хуулийн дагуу хувиараа ашигт малтмал олборлогчдын бизнесийн нөхцлийг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн дэглэмийг тогтворжуулах, бичил уурхайн тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн дөрвөн тулгуур асуудлыг бодлогодоо тусган хэрэгжүүлэхийг чухалчилдаг байна. Тэгвэл бичил уурхай эрхлэгчдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн нэгдсэн бүтэц байх шаардлага бий болсноор бичил уурхайн байгууллага (нөхөрлөл, төрийн бус байгууллагууд)-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалах, төр болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдын хоорондын холбоо харилцааг сайжруулах, бэхжүүлэх зорилгоор Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо (МБУНДХ эсвэл Дээвэр Холбоо) нь 2013 оны тавдугаар сарын 2-нд анхлан байгуулагджээ. Тус дээвэр холбоо нь одоогийн байдлаар 67 бичил уурхайн төрийн бус байгууллага, 6200 орчим гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгаль орчинд хал багатай, хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

 

Өнөөдөр Бичил уурхайн эрх зүйн орчин ямар байна вэ?

 

1. 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”

            3.1.2. бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төрөөс бодлогоор дэмжиж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

2. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр

  • 64. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.1.2-т заасан иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг хэрэгжүүлэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
  • 69. Алтны олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

3. 2010 оны 7 сарын 1-ний өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-д бичил уурхайтай холбоотой дараах нэмэлт өөрчлөлт орсон. Үүнд:

  • 2.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална.

            Хэрэгжилт: Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” баталсан.

  • 1.23.“бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл ордын талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг;

            Хэрэгжилт: АМГ-ын даргын 2015.9.7-ны өдрийн а-81 тоот тушаалаар бичил уурхайн талбайн дүгнэлт гаргах бичиг баримтын бүрдэл, “бичил уурхайн талбайн дүгнэлтийн тойрох хуудас”-ны загвар, түүнийг хөтлөх аргачлалыг шинэчлэн батлав.

  • 3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

66.1.9.бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах журмыг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

4. 2014 оны 7 сарын 1-ний өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-д бичил уурхайтай холбоотой дараах заалтууд нэмэгдсэн. Үүнд:

  • 1.13.улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах;

            Хэрэгжилт: Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг 1637.71 га 96 талбайд бичил уурхайн дүгнэлт гарсан.

  • 6.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана.

            Хэрэгжилт:

Нинжа болон бичил уурхайчдыг ингэж ялгаж байгаа нь учиртай. Өөрөөр хэлбэл өнөөдөр 60 000 гаруй иргэн хувиараа алт олборлож байгаа гэх албан бус тоо бий. Үүний 10 орчим хувь нь буюу 6200 нь улсдаа татвар төлж, аюулгүй байдлаа ханган ажиллаж байгаа. Тэд өнгөрсөн хугацаанд 330.1 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн.  Нөхөн сэргээлт хийхдээ  албан байгууллагуудаас ч илүү хийсэн байдаг. Харин нинжа нар хэзээ ч нөхөн сэргээлтийн ажил хийдэггүй.

Тиймээс орон нутгаа бодсон ч, тухайн нинжа нарыг бодсон ч  албан ёсоор бичил уурхай эрхлэгч болох учиртай болмоор.  Гэхдээ хэн дуртай нь бичил уурхай эрхлэгч болдоггүй. Тодруулбал шаардлага хангасан, хууль зөрчдөггүй,  хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг байх бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг. Мөн олборлосон алтаа Монголбанканд тушааж улсдаа орлого оруулдаг.

Энэ бол уул уурхайг орон нутагт зөв жишгээр хөгжүүлж болдогийг харуулсан нэг жишээ.  Цаашид энэ зөв жишиг хэвшил болон тогтож, Монголын бичил уул уурхай олон улсад загвар болон хөгжих боломж байна. Энэ бол өнөөдрийн Монголын нийгэмд хамгийн тохирсон  тогтолцоо юм.

Бид бичил уурхай эрхлэгчид Монголбанканд хичнээн хэмжээний алт тушаасан болон тушаасан алтны сорьцийг хэрхэн тогтоодог талаар хүргэх болно.