Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "River sounds" цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан М.Б бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Түүнд зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тодруулбал хохирогчийн тархинд цус харавсан, гавлын яс цуурсан, хамар цөмөрсөн, уруул сэтэрсэн бөгөөд эмчилгээ хийлгэж байна.

Тэгвэл тусгай ажиллагааны газрын  ажилтан М.Б нь уучлалт гуйх нь битгий хэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хохирогчийн өрөө рүү орж дарамт шахалт үзүүлж эхэлсэн байна. Мөн ГССҮТ-ийн гадна талд өөрийн найз нөхөд, ах дүү нарыг байлгаж хохирогчийн ар гэрийнхэнд дарамт үзүүлэх болсон байна.

Хэрэг болох үед Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан М.Б согтуу байсан бөгөөд өмнө нь танхайн хэрэг үйлдэж байсан нэгэн гэнэ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж эхлээд байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.