Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна. 

Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2017 оны зургадугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Тухайн хүүхдийн эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох шахжээ. Тиймээс нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.