Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан.

Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өнөөдрөөс ажил хаялт зарлана гэж мэдэгдээд байсан хэдий ч бүх сургуулиуд ажил хаялтанд нэгдээгүй.

БСШУСЯ-наас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөжээ. 

Одоогоор нийслэлийн ерөнхий боловсролын 20, 33, 54, 83, 12, 5, 77,76, Ирээдүй цогцолбор, Монгени зэрэг дунд сургуулиудын багш нар ажил хаялт зарлаад байгаа аж. 

“Багшийн цалинг нэмүүлэх Түр хороо”-ныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв. Тус хорооны тэмцэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өчигдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд хандан “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн энэ сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ.

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ “Улсын хэмжээнд ажил хаялт 60 хувьтай явагдаж байна. Мөн цаашид энэ тоо нэмэгдэнэ. Багш нар энэ ажилд сэтгэл зүрхээрээ нэгдэж байна"  гэлээ.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав “Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг байсан бол өнөөдөр 70 хүүхэд болон нэмэгдсэн. Багш нар сэтгэл ханамжтай ажиллаж чадахгүй байна. Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна” гэлээ.