Энэ сарын 13-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найзынхаа ой найман сартай хүүг хүчирхийлсэн хэрэг гарсан. Тодруулбал, иргэн Ч нь тус суманд “Жим” хэмээх зочид буудал ажиллуулдаг бөгөөд найз Ц-тэй хамт буудалдаа архи уусан аж. Тухайн үед Ч нь ой найман сартай хүү Х-гийн хамт байсан ба хүчирхийлэгч хүүгийн аав согтосны дараагаар бяцхан хүүг нь бузарласан хэрэг гарсан.

Хүүгийн аав ээж нь тусдаа амьдардаг бөгөөд тухайн үед хүүгийн эцэг салсан эхнэрээ дарамтлан хүүгээ авч явсан нь тэр байсан аж. Хохирогч хүү албан ёсоор ээжээрээ овоглодог байхад тус сумын мөрдөн байцаагч ахмад н.Ариунзаяа болон хүүгийн эцэг нь төрсөн эхэд нь мэдэгдэлгүй хэргийг нуун дарагдуулсан байх юм. Хохирогч хүүгийн ээж болон ар гэрийнхэн нь энэ явдлыг зургаа хоногийн дараа мэдсэн байна.

Хүүг энэ сарын 20-нд Улаанбаатар хотод авчран ГССҮТ-д үзүүлэхэд цагдаагийн албан бичиггүй бол биеийн байдлыг нь ар гэрийнхэнд нь хэлэх боломжгүй хэмээн цааш түлхсэн гэнэ. Улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандахад хавтаст хэрэг болон мөрдөн байцаагчийн дүгнэлтийг харж байж хүүг оношилно гэсээр хугацаа алджээ.  Ингээд мөрдөн байцаагчдаа хэлэхэд өөр бас хэрэг байгаа түүнтэй хамт авч очно хүлээж бай хэмээн хойш суусан аж.

Бяцхан хүү ийм аймшигт хэргийн хохирогч болчихоод байхад элдэв шалтаг шалтгаан тоочсон төрийн албан хаагчдыг өнөөх адгууснаас доор этгээдээс ялгарах зүйлгүй гээд хэлчихэж хэтийдсэн болохгүй биз.

Хэдийгээр төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойр дөхөм болгож талаар албан тушаалтнууд ам уралдан хэлдэг ч бодит байдал энэ. Хөхнөөсөө ч гарч амжаагүй балчир үр санаанд багтамгүй  аймшигт хэргийн золиос болчихоод байхад мөрдөн байцаагч нь хууль ёсны асран хамгаалагчид нь мэдэгдэхгүй өнгөрөөсөн нь ч бас л гэмт хэрэг бус уу.

Манай улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ олон. Гэвч тэдний олонх нь хүүхдийн гэх тодотголоор өөрсдийгөө хооллохоос хэтэрдэггүй.  Өнгөрөгч онд долоон дүүрэг, найман аймгийн нийт 4264 хүүхэд хамруулсан судалгаанд 14.7 хувь нь буюу найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн үзүүлэлт гарсан байна.  Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 60 хувь нь хохирогчийн гэрт, 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 11.4 хувь нь айлд, 2.8 хувь нь автомашинд үйлдэгджээ. Мөн Улсын Ерөнхий прокурорын газраас ХЭҮК-д ирүүлсэн тайланд 2015-2016 онд улсын хэмжээнд 17 нас хүртэлх 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртснийг онцолсон байжээ.

Нийгмийн толь сонин