Одоогоос 12 жилийн өмнө Куала-Лумпур хотоос холгүй орших газарт Монголын загвар өмсөгч эмэгтэйг хөнөөсөн хэргийг дахин сөхөж, шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Малайзын шинэ Ерөнхий сайд Махатир Мохамадаас хүслээ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоо ой дотор 28 настай Ш.Алтантуяаг буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарч байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015  онд цаазын ял оноосон билээ.

Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн  гэмт этгээдүүдийн эсрэг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын шинэ Засгийн газраас хүссэн нь авлигын хэрэгт холбогдоод буй Малайзын өмнөх Ерөнхий сайд Нажиб Разакийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Н.Разакийг Малайзаас гарахыг хэдийнээ хориглоод байгаа билээ.

Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хоёр цагдаад цаазын ял оноосон хэдий ч энэ хэргийг захиалагч нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Давж заалдах шатны шүүх хурлын үеэр батлан даалтаар суллагдаад байсан хоёр цагдаагийн нэг болох Сирул Азар Умар нь Австрали руу зугтсан юм. Визнийх нь хугацаа дууссаны улмаас 2015 оноос хойш Австралийн Цагаачлалын албаны саатуулах байранд хоригдож буй С.А.Умар мэдэгдэхдээ “Шинэ Засгийн газар надад бүрэн өршөөл үзүүлж, намайг сулласан тохиолдолд би энэ хэргийг шийдвэрлэхэд туслах болно” гэжээ.

Энэ хэрэг гарах үед Малайзын шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Н.Разак нь Ш.Алтантуяаг огт танихгүй, түүний үхэлд ямар ч холбоогүй гэж мэдэгдсээр ирсэн юм.  Гэхдээ тэрбээр улс төрийн карьераа унагаахгүйн тулд өнөөг хүртэл амаа хамхисаар ирсэн байж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн нөгөө этгээд нь Н.Разакийн дотны найз, батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда гэгч юм. А.Р.Багинда, хохирогч эмэгтэй нар амрагийн холбоотой байсан гэдэг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 92 настай Махатир Мохамадад Малайзын ерөнхий сайд болсонтой нь холбогдуулан илгээсэн мэндчилгээндээ “Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна” гэж дурджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээ Малайзын шинэ Засгийн газрын албан ёсны цахим хуудаст бүрэн эхээрээ тавигдсан байна.

 

http://www.reuters.com/article/us-malaysia-politics-mongolia/mongolian-president-urges-malaysia-to-reopen-2006-model-murder-case-idUSKCN1IK05I

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг