Европын холбооны Испани улсын Малага хотод 2018 9 сарын 4-16 ны өдрүүдэд Хөнгөн атлетикын Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Уг тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид ирж хурд хүчээ сорьж байгаагийн 5495 нь эрэгтэй, 2692 нь эмэгтэй тамирчид байгаа юм. Манай улсаас олон улсын xэмжээний спортын мастер Төмөрбатын Цэрэндолгор , ОУX мастер Аюушийн Алтанцэцэг нар амжилттай оролцлоо. 

Найм даxь удаагаа зохиогдож буй дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон ОУX мастер Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж Монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга боллоо.

Мөн 60 насны ангилалд МУ-н ОУX мастер Аюушийн Алтанцэцэг уг тэмцээнд амжилттай оролцов. Тэмцээнд орлцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани / Giuseppe Ottaviani (ITA, age 102) / байсан бол эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур / Man Kaur (IND, age 102) / байлаа.

МҮОНРТ-н Бельгийн Вант Улс дах сурвалжлагч Баяраагийн Батбаяр мэдээллээ