"Ажилтай, орлоготой Монгол хүн"-ий төлөө гэсэн яасан бэ?
2016/02/17
Манай улсад хүн амынхаа тооноос хэтэрсэн их, дээд сургуультай гээд хэлчихвэл дэгстүүлсэн болохгүй байх.
Гэхдээ сүүлийн жилүүдэд тоогоо алдсан их дээд сургуулиудыг эмхлэн цэгцэлж байгаа. Тэгсэн ч өнгө өнгийн дипломтой ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр л байсан билээ.
Өмнө нь ажилгүй иргэдийн дийлэнхи хувийг дээд боловсролтой буюу дипломтой иргэд эзэлж байна гэсэн судалгаа гарч байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар Бүрэн дунд боловсролтой иргэд ажилгүйчүүдийн 46,6 хувийг эзлэв.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны нэгдүгээр сард ажилгүй 8.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан мянган иргэн ажилд зуучлагдан орж, 6.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 9.0 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 68.0 хувиар өссөн байна.
Үүнээс харахад дипломтой иргэдийг нас заагаад ажил авахгүй байна гэж нэлээдгүй гомдолтой. Уг асуудал нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд ихээхэн тулгардаг аж. Нэгэн бодит жишээг энд дурдахад, У гэх эмэгтэй их сургуулиа төгсөөд хүүхэд төрүүлсэн ингээд хүүхдийн харж өгөх хүнгүй улмаас цэцэрлэгт явах нас хүртэл нь буюу 2 нас хүртэл гэртээ хүүхдээ харсан. Ашгүй хүүхэд цэцэрлэгт орох нас нь боллоо гээд ажил хайж эхлэхэд сургуулиа төгсөөд гурван жил болсон болохоор ажлын ямар ч туршлагагүй гэх шалтгаанаар нэлээдгүй олон албан газрын босгыг давж чадаагүй. Ямар ч хамаагүй ажил хайж орох гэхээр мөн л Мэргэжлийн бус гээд авахгүй байна гэж учирлаж байсан удаатай. Тэгэхээр ажилгүй эмэгтэйчүүдийн хувь өндөр байх нь арга үгүй бололтой. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.5 мянга буюу 53.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.
Ажилтай, Орлоготой Монгол хүний төлөө хэмээн сүртэй уриаг Шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэхээр эхлүүлж үндэсний члууганыг хүртэл хийгээд амжсан. Гэтэл засаг унаж Шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Улс төрчид хэн нэгнийхээ эхлүүлсэн ажлыг үгүйсгэж, эсвэл нэгнээ гүтгэж гүжирдэхдээ гаргуут улс. Энэхүү үлгэрийнхээ адилаар өмнөх засгийнхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхгүй байхаар шийджээ. Угтаа бол ажил хэрэг болоод явсан зүйлийг эрчимжүүлж хөрсөн дээр буулгаж болмоорсон ЕРӨНХИЙ САЙД аа!!!
Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав "Иргэдийг ялангуяа залуучуудыг хөдөлмөр лүү тэмүүл. Юм хийе, бүтээе, ажил хийе гэсэн эрмэлзэл байвал битгий ажлыг гол. “Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй” гэж ахмадууд ярьдаг. Тиймд өөрөө чадавхитай болоод ажиллаж хөдөлмөрлө. Ард иргэд маань энэ саналыг хүлээн авч, үүний дагуу “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлсэн.
Дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Хөдөлмөрийн яамыг тусгаарлан байгуулсан юм. Хуучин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэж байдаг. Үндсэндээ 90 хувь нь халамжийн үйлчилгээ, 5-9 хувь нь хөдөлмөрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Тусад нь салгахдаа зөвхөн яам байгуулахын төлөө бус, хүмүүсийг ажилтай болгохын тулд бий болгосон" хэмээсэн. Тэгвэл өнөөдөр энэ энэ яам юу хийж байна вэ? Сар ирэх тусам ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байх юм.
Х.Даваа