Н.ТҮВШИН

Нийслэлийнхний махны хэрэглээг хангадаг “Дэнжийн 1000”-ын “Хүчит шонхор” төвлөрсөн захаар амралтын өдрөөр орж, Сар шинийн баярын бэлтгэлээ иргэд хэрхэн хангаж байгааг болон махны үнэ ханш, олдоцыг сонирхлоо. Энэ жил малын гоц халдварт шүлхий өвчнөөс үүдэлтэйгээр үхрийн мах үнэд орсон болохоор ч тэр үү, эртхэн Сар шинийн  бэлтгэлээ базааж явна гэсэн хөгшид олонтаа таарлаа.

Арга ч үгүй биз, жилийн жилд Сар шинэ дөхөхөөр  бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гаж тогтолцоо манайд үйлчилдэг юм хойно. Ингээд уншигч та сар шинийн бэлтгэлээ хэдий орчим төгрөгт базааж болохыг энэ удаагийн сурвалжлагаас баримжаалаад үзээрэй. Гэхдээ хүүхдийн гар цайлгах бэлгийг тооцсонгүй.

 Эхлээд  “Хүчит шонхор” захын махны хэсэг буюу тэр дундаа ууц, өвчүү зардаг хэсгээр орлоо. Нийслэлтэй ойр аймгуудаас  Цагаан сарын идээ шүүсний мах ахиухан ирсэн нь илт. Сар шинийн шүүсэнд зориулсан ууцыг том, жижиг, тарган, туранхайгаар эгнүүлэн өржээ. Дунджаар, махны тарган туранхайгаас шалтгаалж 250-380 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ  бол өчигдрийн л ханш шүү. Ууцны наймаачдын хэлж байгаагаар “Одоохондоо үнэ ийм байна, сар шинэ дөхөхөөр 400 мянга давна байх” гэв. Наймаачдын энэ үг эртхэн бараагаа борлуулах гэсэн овсгоо төдий байж мэднэ. Гэхдээ л цаг нь тулахаар үнэ өсдөг, цагийг нь тулгаж худалдаа хийдэг нь “монгол ёс”.

Ууцны наймааны хэсгээс цаашлаад үхрийн өвчүүний худалдаачид залгана. Бас л том жижиг тарган туранхай янз бүрээрээ байв. Эр үхрийн өвчүү 25 кг орчим татаж байгаа бол бага нь 15 кг байна. Үнийн хувьд бүгд  кг-аар тооцож байгаа гэнэ.Нэг кг нь 12000 төгрөг. Уг нь энгийн үед үхрийн гуяыг хүзүү ч юм уу, ямар нэг яс арвинтай мах дагуулдаг бол өчигдрийн хувьд ченжүүд маань дангаар нь өгчихөж байна билээ. Дан үхрийн гуя ачсан машин ч цөөнгүй байх юм. Тэгэхээр буузны маханд зориулаад үхрийн гуяыг кг нь 12500-13000 төгрөгөөр авч болох нь. Гэхдээ амар хялбарыг нь бодоод махны жижиглэнгээс 12500-14000 төгрөгөөр  үхрийн цул мах ч авсан нь шулуухан бололтой. Хонины мах кг нь 8500 төгрөг бол адууны цул мах 7500-8000 төгрөг байна. Халаасанд байгаа мөнгөндөө тохируулаад өөрийнхөө хэрэгцээг тодорхойлж, ширээнд тавих идээ шүүсээ сонгох боломж бол дүүрэн байгаа харагдсан шүү.

Гурилны хувьд нэг их үнийн өөрчлөлт ороогүй, өмнөх саруудтай ижил байна. “Алтан тариа”-н дээд гурил 25 кг нь 32500 төгрөг байна билээ. Харин хил гаалиас болоод цагаан будааны үнэ л өсөж байгааг уншигч та анзаарсан бизээ.“Дэнжийн 1000”-ын захаас холгүйхэн байрлах хуучин барааны зах байсан “Нарантуул-2” худалдааны төвөөр орж хэвийн боов, цагаан идээний үнэ ханш ямар байгааг сонирхлоо. Бас л уут саваа барьсан хөгшид эртхэн хэвийн боов, чихрээ авах гэж яарах бөгөөд өөр хоорондоо зөрөх гэж хөөрхөн бөглөрөл үүсгэнэ. Хаа сайгүй хөл хөдөлгөөн ч энгийн үетэй харьцуулахад ихэсчээ. Хоёр жил хөл хорионд Сар шинээ тэмдэглээгүй өнжсөн хөгшид энэ жил баяраа тэмдэглэхээр шийдсэн нь илт. Гэхдээ хөөрхийс үнийг нь сонсоод санаа алдах. Сар шинийн тавгийн ул боов ширхэг нь 3000-4200 төгрөгийн үнэтэй байна. Харин гүрмэл боов 3200-3800 төгрөг. Тавгийн идээний бас нэг чухал зүйл бол еэвэн. Тавгийн идээгээ гурваар, дөрвөөр, таваар томруулан засахаас хамаараад хэмжээгээрээ үнэ нь ялимгүй зөрүүтэй, 12, 14, 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн жилүүдээд “моодонд” ороод байгаа дугуй сүлжмэл тавгийн идээ гурван давхар нь 50 мянга бол таван давхар арай том тойрогтой  болчихвол 100 мянган төгрөг байна.

90-ээд оны үед тавгийн идээгээ чихэр жимсээр чимдэг байсан бол сүүлийн жилүүдэд дан цагаан идээгээр чимэглэдэг болсон. Үүнээс ч болсон уу, ааруулын үнэ жилээс жилд өсөж байгаа нь мэдрэгддэг. Энэ жил ааруул кг нь 20-25 мянга болжээ. Хэвийн боов гэлгүй дан цагаан идээгээр засахад зориулсан 25 ширхэгтэй ааруулан таваг 250 мянгын үнэтэй байна. Гэхдээ таван давхар хэвийн боовтой харьцуулбал талаар нь татахаар намхан идээ болдог ажээ. Гүзээтэй тос кг нь 25 мянга бол тогооны өрөм 20 мянга, бяслаг кг нь 20 мянган төгрөг. Сар шинийн ширээний гол идээ, шүүсээ бэлтгэхэд уншигч та хэдэн төгрөг халааслаж гарах хэрэгтэй вэ гэдгийг манай сурвалжлага бага ч болов тусалсан байх.

ҮНДЭСНИЙ ШУУДНАН СОНИН