Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ юуг сануулав?
2023/03/02
Бид дэлхийд тархан суугаа удам угсаа нэгт олон сая Монголчуудын голомт нутгийн эзэд. Тэд туурга тусгаар Монгол улсынхаа зүгт сонор тавьж, зүрх сэтгэлээрээ тэмүүлж.
Идээ ундааныхаа дээжийг өргөн суудаг. Хилийн гадна орших элгэн садан Монголчуудыг соронзон мэт татдаг их түүх, их гүрний голомт нутгийн эзэд бид улс гэрийн дотор эвтэй. Ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байх нь аавын гэр амгалан байх лугаа ертөнцийн Монголчуудад чухал юм.
Тийм ч учраас Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн мэндчилгээндээ "Мэндлэх гэдэг мөнхийн ёс, хүндлэх гэдэг хүний ёс" хэмээгээд Төрт Монголын иргэн бүрт туурга тусгаар гэр улсдаа эв нэгдлээ эрхэмлэхийг чухалчлан санууллаа.
Монголчууд бид тусгаар улсдаа хүн ам 3,460,000, мал сүрэг 71 саяыг давж, валютын нөөц 3,6 тэрбум долларт хүрсэн гэдгийг дуулгаж, Монгол улсын унаж байсан эдийн засаг цар тахлын өмнөх үедээ очсон таатай мэдээг сонсогдсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Эзэн Чингис хааныхаа 860 жилээр босготой айл өрх, тотготой албан газар бүр Эзэн хааныхаа эш хөргийг хоймортоо сүслэн тахих зарлиг гаргасан. Их хаанаас хойш 860 жилийн дараа нийслэлийнхээ хойморт Чингис хааныхаа нэрээр хаадын музейгээ бид босгов. Хас төр, хаан түүхийг харуулсан үзмэрийг дэлгэж, дэлхийн жишигт нийцүүлэн мөн л Монгол хүний гараар барьж босгосон.
Монголчууд түүхэндээ анх удаа өөрсдийн гараар төмөр замаа 900 гаруй километрээр ахиулсан явдал бол Монгол хүний түүхэн үйлс, Монгол түмний түүхэнд онцгойлон үлдэх үндэсний бүтээн байгуулалт юм. Энэ бүхэн Монголчууд бид эв нэгдэлтэй, эрч хүчтэй байхад өөрсдийн сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөөр юуг ч хийж бүтээж чаддаг болсныг харуулж байгаа хэрэг.
Өнгөрсөн жил бид гадаад харилцаагаа нэн шинэ түвшинд гаргаж. Дэлхийн олон орны нөлөө бүхий удирдагчдыг Монгол улсдаа урин авч ирлээ. Тэр хэмжээгээр Монгол улсын нэр хүнд дэлхийд өсөж. Гадаад айлчлалуудаар хамтарсан томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлж. Худалдаа бараа эргэлт нэмэгдэж. Дэд бүтэц, ачаа тээвэр, зам харилцааны төлөвлөлт тэлж, хилийн гарц боомтуудаа сайжруулах ажлууд ид өрнөж байна.
Туулай жилийн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ товчхондоо бол ертөнцийн Монгол угсаатны өлгий нутагтаа бид эе эвтэй, бүтээлч хөдөлмөрч байж төрт ёсны өлгий улс гэрээ бэхжүүлэн хөгжүүлье! Төртэй, тусгаар тогтнолтой бидний Монгол улс нь төрөл нэгтэй түм буман дэлхийн Монголчуудын соронзон татах хүч. Сүсэглэн тэмүүлэх өлгий. Тухлан саатаж тайтгарах хоймор, тулж итгэх найдлага шүү! Төрт улсын иргэддээ, төв Монголын сахиул болсон 3,4 сая Монголчууддаа сануулсан мэндчилгээ байлаа.
О.Түвшиндэмбэрэл
Зочин · 2023/03/02
өөрсдөө бага ид монголчуудыг тэнэг гэж 30 жил тавласан одоо болсон шүү та нарын хуучин шиг байдаг цаг чинь өнгөрсөн женко ганцаараа идээгүй та нар хамт идсэнг бид мэдлээ