"Цэргийн ангиуд дахь яргалал хэвээрээ байна" гэв
2023/03/03
Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 27-ны өдөр “Цэргийн албан хаагч амиа хорлочихлоо” гэх дуудлага бүртгэгдсэн байна. Одоогоор Алтанбулаг сум дахь цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Урьдчилсан байдлаар амиа хорлосон нөхцөл байдал тогтоогдоод буй хугацаат цэргийн алба хаагчийн тухайд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс Зэвсэгт хүчний 311дүгээр ангид цэргийн албанд татагдаад байжээ. Эх сурвалжийн онцолж байгаагаар амиа алдсан алба хаагч 2022 оны хаврын ээлжээр цэргийн албанд татагджээ. Тэрбээр ирэх хавар халагдах байсан ч амь насаа ийн алдсан байна. Цэргийг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагийн орчимд өөрийгөө боомилсон байдалтай олжээ. Тухайн үед алба хаагч нас бараагүй амьсгалж байсан ч эмнэлгийн байгууллагаас тусламж авч амжилгүй амьсгал хураажээ.
Талийгаач сар шинийн өдрүүдэд чөлөө авч гэртээ хариад хугацаандаа ангидаа очоод байжээ.
Бид талийгаачийн найзаас зарим зүйлийг тодрууллаа. Түүний ярьж байгаагаар нас барсан цэрэг албанд татагдсан цагаасаа л гэр бүлийнхэн болоод ойр тойрныхноосоо их бага хэмжээгээр мөнгө асуух болсон гэнэ.
-Таны найз хугацаат цэргийн алба хааж байхдаа амь насаа алджээ. Та талийгаачтай ямар холбоотой байсан бэ. Цэргийн алба хааж байхад нь уулзалтаар очиж байсан уу?
-Бид дунд сургуулийн найзууд. Миний найз төрийн албанд ажиллах сонирхолтой байсан. Төрийн албанд ажиллахад цэргийн алба хаасан байх шаардлага тавьдаг. Үүний тулд л цэргийн албанд явах болсон талаараа надад хэлж байсан
нь тун ойртоод байхад ийм муухай мэдээ дууллаа. Ар гэрийнхэнд л хэцүү байна. Би талийгаачтай уулзахаар хоёр ч удаа очсон.
-Очиж уулзахад тань юу хэлж байв?
-Эхлээд хэлэхэд Жанжин штабын зүгээс амиа хорлосон гэх мэдээлэл гаргасан байна лээ. Дотны найзын хувьд хэлэхэд амиа хорлох хэмжээний сэтгэлийн хатгүй хүн биш. Үүнийг би сайн мэднэ. Ямар ч хүнтэй нээлттэй харьцдаг, бусадтай зөв боловсон харилцдаг нэгэн. Уулзалтаар очиход сэтгэлзүй нь хямарсан асуудал надад лав анзаарагдаагүй. “Албаа сайн хааж байна аа. Удахгүй халагдлаа даа” гэх зүйлийг л надад хэлж байсан. Гэнэт л ийм мэдээ дууллаа. Хэвлэлээр амиа хорлосон гэх мэдээллийг шууд цацаж байгааг хувьдаа ойлгохгүй байгаа. Ямар нөхцөл байдлаар амиа хорлосон нь тогтоогдоогүй байна шүү дээ. Шууд л амиа хорлосон гэж нийгэмд цацаж байгаа нь ар гэрт нь асар хүнд тусч байгаа.
-Талийгаач цэргийн албанд татагдсанаас хойш анхаарал татах зүйл танд хэлж байв уу?
-Гэр бүлийнхэн, ойр дотнынхон руугаа мөнгө нэхэж утсаар ярих болсон нь хачирхалтай санагдсан. Найз нөхдөөсөө 50, 60 мянган төгрөг тогтмол нэхнэ. Цэргийн хуаранд ямар зорилгоор мөнгө хэрэг болдог нь сонин. Нэг удаа над руу яаралтай мөнгө шилжүүлэхгүй бол хүнд шийтгүүлэх нь гэж хэлж байсан ч удаатай. Үүнээс үзэхэд түрүүч нар нь ч дарамталж, мөнгө нэхдэг юм болов уу гэж ойлгосон. Тухайн үед ч нэг их ач холбогдол өгөөгүй орхисон. Сүүлд нь бодоход 311 дүгээр ангид алба хааж байгаа цэргүүдийг ахлагч, түрүүч нар нь дарамталдаг, тогтмол мөнгө нэхдэг, өгөхгүй бол яргалдаг байсан юм уу л гэж ойлгосон. Тухайн цэргийн ангид алба хааж байгаа цэргүүдийн ар гэр ч хүүхдүүд нь мөнгө нэхээд байгааг гайхаад ярьж байна лээ. Мөнгө өгөхгүй бол шийтгэдэг, цаашлаад яргалж зоддог, ингэхдээ цэргүүдийн гэдэс дотор руу цохидог асуудал байдаг юм байна. Түрүүч нар нь ингэхдээ нийслэлээс татагдсан цэргүүдийг онилдог. Ингээд л найзууд юм уу, ар гэр рүү нь утасдуулаад л мөнгө аваад сууж байдаг. Миний найз Сонгинохайрхан дүүргээс цэргийн албанд татагдсан. Тийм болохоор найзууд руугаа мөнгө асууж яриад байсан болов уу.
-Цэргийн ангиуд бүрэн камержсан байдаг биз дээ. Ийм байхад хуучин нийгмийн үеийн яргалал оршсоор л байна уу?
-Удаа дараагийн жишээ үүнийг нотолж байна шүү дээ. Камерын өмнө цэрэг зодоод зогсож байдаг хүн гэж юу байх билээ.
-Таны найз цэрэгт мордохдоо тантай уулзсан уу. Юу хэлж байв?
-Цэргийн алба хааж төрийн албанд ажиллах сонирхолтой талаараа л хэлж байсан. Тухайд үед ч тухайн үед ч цэргийн ангиудад хэд хэдэн цэрэг зодуулж нас бараад дэглүүлж байгаа бичлэгүүд нийгмийн сүлжээнд цацагдаж байлаа. Энэ бүхнээс шалтгаалж цэргийн алба хаахдаа бага зэргийн айдастай байгаа нь илэрхий мэдэгдэж байсан. Гэсэн ч цаашид ажиллах ирээдүйгээ бодож цэргийн албанд мордсон найз маань харамсалтайгаар нас барлаа. Эрүүл саруул залуу эмчийн үзлэгт тэнцээд л цэргийн албанд мордсон. Эргэж ирсэнгүй. Амиа егүүтгэсэн гэх мэдээлэл гаргаад сууж байна. Цэргийн ангиудад ийм хэрэг тогтмол гардаг болсон. Дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас л энэ үйлдэл давтагдаад байна. Цэргийн анги дахь хуучин нийгмийн яргалал өнөөдөр ч яг хэвээрээ л байна. Цэргүүдээс мөнгө нэхдэг ч юм уу хэлбэр нь л бага зэрэг өөрчлөгдсөн юм уу даа. 311 бол хотын ойролцоох цэргийн анги шүү дээ. Тэнд л ийм асуудал гарч байна. Баруун, зүүн хязгаар дахь эргийн ангиудад ямар яргалал явагддагийг таах арга байхгүй. Үүнд өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй байна. Энэ янзаар цаашилбал хэдэн цэрэг амиа алдахыг хэлж мэдэхгүй. Ийм хэвээр байвал хэн цэрэгт явж амь хохирохыг хүсэх билээ гэв.
Дээрх байр суурийг талийгаач цэргийн найзын зүгээс илэрхийлж байна. Тэрбээр хэргийг зөв шударга шийдвэрлэхийг хүсч байлаа. Урьд урьдын жишээ шиг бүдгэрээд алга болох вий гэдгээс болгоомжилж байв.
Харин өөр нэг цэргийн ар гэрээс тодруулахад хүүхдийнх нь зүгээс “Намайг эндээс аваач ээ” гэж хоёр ч удаа залгаж хэлснийг онцолж байна. Дээрх жишээнээс харахад тухайн ангид дарамт явагддаг нь
ил цагаан харагдаж байна. Өнгөрсөн оны ХЭҮК-оос явуулсан судалгаагаар ч цэргийн ангиудад оны ялгаа дарамт байдаг нь харагдсан.
Хэргийн талаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Буянжаргал “Манай ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэх байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабаас дотоод шалгалт явуулж байгаа юм байна. Үүний дараа амиа алдсан цэрэг гадны нөлөөтэй байсан уу, амиа алдахад юу нөлөөлөв гэх зэрэг шалтгаанууд ил болох нь.
Сануулахад, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ахлах албан тушаалтан цэргүүдийг зодож дэглэсэн, хугацаат цэргийн алба хаагч оргосон, гар бөмбөг тэсэрч цэрэг амиа алдсан зэрэг асуудлууд гарч байв. Удаа дараагийн ноцтой ослуудын мөр гүйцэд балраагүй байхад дахин нэг цэрэг амь насаа алдлаа. Үүссэн асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсны мэдээлэл одоогоор гаргаагүй байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас ч байр суурь илэрхийлсэнгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб гэх ээж аавын эрүүл саруул хөвгүүдийг албанд татаж эрэмдэглэж, цаашлаад амь насыг нь авдаг байгууллагын дотоод хяналт л үүнд ажиллаж байна.
Адуунд явсан байлдагч моринд чирэгдэж амиа алдсан, хадлан бэлтгэн ажилд явсан байлдагч осолдож нас барсан, тэмээ хайхаар гарсан цэрэг бутнаас өөрийгөө боомилсон, зэвсэгтэйгээ оргосон байлдагч амиа алдсан ослууд гарсан. Армийн удирдлагууд хүн биш цэрэг үрэгдлээ гэх хайнга хандлага гаргасаар байвал цэрэгт мордсон залуус юу юугүй үрэгдээд дуусах нь.
Зочин · 2023/03/04
Яраглал бгаа болоод цэрэг залуус үхээд байнашд тэгээд амиа хоролсон гэж зарлаад заралсан хүнийг шийтгээч