Автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого өнөөдөр эхэлнэ
2023/03/10
Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас өнөөдөр авто замын даац хэтрүүлэлтийн хяналт шалгалт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ оны гуравдугаар сарын 3-нд Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаал гаргаж улсын хэмжээнд шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн байна.
Уг тушаалын дагуу автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого өнөөдрөөс эхлэх бөгөөд тооллогоор жил болгон техникийн үзлэгтээ ордог, татвар, даатгалаа төлдөг, хаяг, байршил нь тодорхой байгаа тээврийн хэрэгслүүдийг дахин тоолохгүй.
300,000 орчим тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт орохгүй байгаа учир шалтгааныг тодруулна
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 800,000 нь техникийн үзлэгтээ орсон. 460,000 гаруй нь үзлэгтээ ороогүй байгаа аж. Эдгээрээс “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журамд тав буюу түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаагүй бол бүртгэлээс хасна гэсэн заалтын дагуу нийт 153,000 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасжээ. Тиймээс тээврийн хэрэгслийн үзлэг хяналтдаа ороогүй, хасалт хийлгүүлээгүй 300,000 орчим тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт орохгүй байгаа учир шалтгааныг тодруулж тооллого болон хасалтыг хийхээр болсон байна.