Үндэсний хөрөнгөтнүүдээ адлах биш, ашиглая!
2023/03/24
Бидний жишээ болгох дуртай Азийн бар орнуудын хөгжилд хүрсэн туршлагыг харахад зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор үндэсний хөрөнгөтнүүдээ түшиглэж хөгжсөн байна.
Манай орон 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болж байгаа ч төдийлөн амжилттай хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндэс нь хувийн өмчийн харилцаа гэдгийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм.
Бидний ихэнхийн толгойноос хуучин социалист тогтолцооны үеийн улсын өмчийн харилцааны ойлголт салж өгөхгүй байна. Үүний баталгаа бол баяжих (хөрөнгөжих)-ыг жаахан хэтрүүлж хэлбэл, нийгмээрээ үзэн ядах хандлага газар авах шинжтэй болжээ. Тиймээс хөрөнгөжиж байгаа хүмүүс маань хөрөнгөө гадаад, дотоодод зувчуулах үзэгдэл гарч байна. Бид нэгэнт социалист тогтолцоогоо нураагаад капиталист тогтолцоог сонгосон учраас одоо буцах зам байхгүй. Харин яаж зөв хөгжих вэ гэдэг асуулт байна. Энэ асуултын нэг зөв хариулт нь үндэсний хөрөнгөтнүүдээ зөв ашиглах арга замыг сонгох юм.
Үндэсний хөрөнгөтнүүдээ зөв ашиглах арга замын үндэс нь төрийн зөв бодлого, цоорхойгүй хууль эрх зүйн орчин болно. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэний нэг бодит үр дүн нь үндэсний хөрөнгөтнүүдтэй болсон явдал юм.
Манай үндэсний хөрөнгөтнүүдийн дотроос аль хэдийнэ долларын тэрбумтан болсон хүмүүсийн жагсаалтууд байдгийг бид мэднэ. Долларын саятан гэвэл хэдэн арваар биш, хэдэн зуугаар тоологдохоор болжээ. Үндэсний хөрөнгөтнүүд бол үндэсний эдийн засгийг хөгжүүлэх бэлэн нөөц юм. Азийн бар болсон улсуудын туршлагаас үүнийг харж болно.
Азийн дөрвөн бар буюу Зүүн Азийн бар гэж Тайвань, Сингапур, Хонконг болон Өмнөд Солонгос улсуудыг нэрлэдэг. Мөн Азийн Дөрвөн Жижиг Луу ч гэж нэрлэх нь бий. Эдгээр улсууд нь 1960-аад оны эхнээс 1990-ээд он хүртэл 30-аадхан жилийн дотор эдийн засгаа хурдацтай өсгөж, аж үйлдвэржиж чадсан туршлагатай. Азийн Дөрвөн Бар улсууд "Эдийн засгийн хөгжлийн экспортод чиглэсэн загвар"-ыг хэрэгжүүлсэн бөгөөд өндөр аж үйлдвэржсэн улс орнууд руу гаргах экспортын барааг өргөн хэмжээгээр хөгжүүлэн үйлдвэрлэжээ. Манайх шиг түүхийгээр гаргах биш. Харин экспортын бараа, бүтээгдэхүүнийг өргөн далайцтай хөгжүүлж, түүнийгээ үйлдвэрлээд худалдсан байна.
Азийн дөрвөн бар улсын нийтлэг онцлогуудыг судалж үзвэл:
-Баян аж үйлдвэржсэн орон руу хийх экспортод чиглэсэн,
-Дээрх орнуудтай ашигтай худалдаа хийж байсан,
-Олон арван жилийн турш эдийн засгийн 10, түүнээс дээш хувийн өсөлтийг үзүүлж байсан,
-Эхний жилүүдэд ардчилсан бус, харьцангуй авторитар улс төрийн системтэй байсан,
-АНУ-ын эрдэнэсийн бондын эзэмшлийн хувь өндөр,
-Эдийн засгийн чөлөөт байдал гэсэн үзүүлэлтийн хувьд өндөр. Хэритейж Сангийн индексээр Хонконг 1, Сингапур 2, Тайвань 37 ба Өмнөд Солонгос 45-р байрыг тус тус эзэлжээ.
Тайванийн туршлага: Тайваньчууд гадны хөрөнгө оруулалтыг татаж өөрийн дэд бүтэц, эдийн засгийн орчныг сайжруулсан. Томоохон үйлдвэр, төслүүдэд төрөөс санхүүжилт өгч, тэдгээр нь эргээд улсын эдийн засгийг босгосон. Тайваньчууд дан ганц үйлдвэр бариад зогсоогүй аж үйлдвэрийн парк, цогцолборуудыг байгуулсан.
Тайваньчууд дотоодын зах зээлээ давж, Ази номхон далай, цаашилбал дэлхийн зах зээлтэй Тайваны зах зээлийг интеграци хийх бодлогыг явуулсан.
Ингэхдээ төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд (хөрөнгөтнүүд)-ээ корпорацын зохион байгуулалттайгаар хөгжүүлэн, цаашид олон улсын зах зээлд гарах үүд хаалгыг нь нээж өгсөн байна. Олон улсын зах зээлд гарахын, тулд дэлхийн хэмжээний мэдлэг боловсрол, техник технологи хэрэгтэй учраас үүнийг дагаад Тайванийн боловсролын болоод нийгмийн стандарт нэлээд өндөр түвшинд гарсан.
Жижиг дунд үйлдвэр улс орныг хөгжүүлдэггүй, мөн нэг их мэдлэг боловсролыг шаардаад байдаггүй. Жижиг дунд үйлдвэрээр хөгжсөн улс орон ерөөсөө байдаггүй гэдгийг хаана хаанаа ойлгох нь чухал байна.
Мөн дан ганц уул уурхай гэсэн эдийн засгийн өрөөсгөл бодлого явуургүй гэдгийг 3000 гаруй уурхайгаа ухаад 30 гаруй тэрбум долларын өртэй болсноос харж болно.
Хонконгийн туршлага: Төрийн тодорхой хэмжээний зохицуулалттайгаар татвар болон хууль эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр Хонконг асар хурдацтай хөгжсөн. Ингэхдээ Хонконг улсын эрх ашиг ямагт №1, Хонконг хүн хэзээд үндэсний баялаг шүү гэсэн бодлогыг тууштай баримталсан байна.
Хонконг улс олон улсын боомт хот болох маш ашигтай байрлал дээр байсан ба үүнийгээ төрийн зохицуулалттайгаар татвар болон эрх зүйн орчныг нь дэмжсэний үндсэн дээр ашиглаж чадсан. Хонконгийн эдийн засаг хөгжиж эхлэхдээ худалдаа, далайн тээвэр дээр суурилж, үүндээ түшиглэн аж үйлдвэрлэлээ хөгжүүлж эхэлжээ.
Товчхондоо стратегийн ач холбогдолтой газарзүйн байрлалаа маш зөвөөр ашиглаж чадсан юм. Манай Монгол Улсын хувьд Хонконгоос дутахааргүй газар зүйн байрлалтай. Төв азийн цээжинд ази, европыг холбосон байрлалаа бид бүрэн ашиглаж чадахгүй байна. Харин боомтуудын сэргэлтийн бодлогын хэрэгжилт нь чухал түлхэц болж магадгүй. Эдгээр боомтуудаар эрдэс баялгаа түүхийгээр биш аль болох боловсруулалтын түвшнийг шат дараатай нэмэгдүүлж гаргах хэрэгтэй.
Хонконгийн хөгжлийн бас нэг нууц бол эдийн засгийн глобалчлалыг маш амжилттай хэрэгжүүлсэнд оршдог. Эдийн засгийн глобалчлалыг хэрэгжүүлэхдээ Хонконг улс дэлхийн зах зээлд өөрийд улсын баримтлах бодлогоо тодорхойлж, хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан түүгээрээ үндэсний корпорациуд (хөрөнгөтнүүд)-ээ дэмжин ажилласан байна.
Хонконг улс дэлхийн зах зээлд гарахын тулд мэргэжилтэй боловсон хүчнээ бэлдэж, технологийн шинэчлэл хийх шаардлагатай тулгарсан. Хонконг улсын эдийн засгийн бодлого нь дотоодын компаниудаа дэмжиж, тэдгээрийг дэлхийн зах зээлтэй холбож өгдөг. Эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд боловсрол, эрүүл мэнд, улс төр, шинжлэх ухаан гэх мэт салбарууд хамтдаа хөгжиж байж л боломжтой гэдгийг Хонконгийн туршлага харуулдаг. Азийн дөрвөн бар улсын үсрэнгүй хөгжлийн туршлагын гол цөм нь үндэсний корпорациуд (хөрөнгөтнүүд)-ээ дэмжиж, тэдгээрийг дэлхийн зах зээлд гартал нь хөгжүүлсэн явдал юм.
Манайх одоо энэ бэлэн туршлагыг Монгол орондоо нутагшуулах шаардлагатай байна. Үндэсний хөрөнгөтнүүд маань “Монголын төр нэмэр тус болж чадахгүй юмаа гэхэд ядахдаа садаа битгий болооч" гэж аль эртнээс хэлээд байгааг бид ойлгох нь чухал.
Төр нь аж ахуй, бизнес эрхлэхгүй гэдэг бол том алхам. Одоо үндэсний хөрөнгөтнүүддээ түшиглэж хөгжих бодлого, хууль эрх зүйн орчин, хяналтын журмаа тодорхой болгоод баталчих хэрэгтэй. Тэгээд үндэсний хөрөнгөтнүүдийнхээ сонирхол, саналыг харгалзан дэд бүтэц, эдийн засгийн бодит салбаруудаа хуваарилж өгөөд бизнесийнх нь зарчмаар явуулчихад бар улсын нэг амархаан болно доо! Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж, үндэстэн дамнасан корпорациудтай болбол хэн хожих вэ? Монголчууд бид бүгд хожно.
УБЭИС-ийн ЭЗБС-ийн захирал, доктор (Рh.О), профессор О.Балдангомбо
Зочин · 2023/03/24
Шударгаар хөрөнгөжсөн нь юу л бол вагон вагон спиртээс эхлээд хуурамч хувьчлал энэ тэр гээд ...