ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Улс төрчид хэрэгт холбогдсон ч хэрэг нь шийдвэрлэгдэх гэж их л цаг авах юм. Үүнд дургүйцсэн ард иргэд "Түмний хүүхэд хэрэг хийхээр тэр даруйд нь л цагдан хориод хурдан шуурхай ажилладаг. Харин түмний мөнгийг идсэнүүд нь дээр минь заларчихаад төр барилцаж ямар ч хариуцлага хүлээхгүй байна" гэлцдэг.

Үүний тод жишээ нь "нүүрсний" гэх хэрэг. Өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй явсаар холбогдсон улс төрчид нь хээв нэг гишүүний ажлаа хийсээр яваа.  Тухайлбал, АТГ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард “нүүрсний” гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдуулан шалгах үндэслэлтэй гэж УИХ-ын долоон гишүүний нэрийг цохсон байдаг. Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувийг АТГ-аас шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ. 

Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувьтай шүүх рүү шилжсэн байгаа. Олон нийтэд ил болгон Т.Аюурсайхан, Д.Ганхуяг нарт холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна" гэсэн юм.

Түүнчлэн "цавчаа ногоон"-ны хэрэгт Түгжрэлийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэдгийг мэдэгдлээ.

Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй үндэслэлээр буруутгаж байна. Нийслэлийн прокурорын газраас хариу бичиг ирээгүй байна хэмээн АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн ярьсан юм. Харин Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах санал хүргүүлээгүй ч хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж.

Сонгууль болгоны өмнө яригддаг болсон нэг хүн бол Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Түүнийг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэлээ.

Мөн "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хаана байгааг нийтэд мэдээлэх боломжгүй байна. Учир нь байгаа газраа олон дахин өөрчлөөд байгаа болохоор буцаан авч ирэхэд хүндрэл бий болоод байгаа юм.

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын21-нд боллоо.

Уг хэрэгт 20 хүн, хоёр хуулийн этгээд яллагдагчаар татагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Д.Эрэвгийлхам, Б.Мөнхсоёл, Д.Энхтунгалаг, Д.Сугар, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг юм. 

Д.Эрдэнэбат нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.  Хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүхээс хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.

 

 

Холбоотой мэдээ: 

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ

ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ