Хар тамхи хаалгыг чинь тогшиход бэлэн байна
2 цагийн өмнө
Хар тамхи, мансууруулах бодис... энэ хачин жигтэй үг саяхныг болтол биднээс хол хөндий, киноноос үздэг, сураг ажиг төдийхөн л байсан бол одоо таны гэрийн тань үүдээр ороход бэлэн, отоод байж байх болжээ.
Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд хар тамхитай холбоотой 1012 гэмт хэрэг бүртгэгдэж, 1547 хүн холбогджээ. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд 604 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 532 этгээд шалгагдсан байна. Үүний 231 нь буюу 43.4 хувь нь 18-25 насныхан байжээ. Эдгээр хүмүүсийн 10 хүн тутмын долоо нь бусдыг даган дуурайх, сониуч зандаа хөтлөгдөж хэрэглэсэн гэжээ. Харин 10 хүн тутмын дөрөв нь хэт их чөлөөт цагтай, үе тэнгийнхээ нөлөөллөөр хэрэглэсэн бол 10 хүн тутмын хоёр нь энэ төрлийн мэдлэггүйгээсээ болж хэрэглэжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батхуяг “Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналт дутмаг байна. Үүнээс үүдэж хүүхдүүд утаат тамхи болон архи, пиво хэрэглэж, сүүлдээ янз бүрийн газ, цавуу ч юм уу ахуйн хэрэглээний зүйлийг хэрэглэж мансуурч цаашид ургамлын гаралтай мансууруулах бодисыг хэрэглэж байна. Энэ нь хүчтэй донтолт өгч, сүүлдээ илүү хүчтэй мансуурахын тулд синтетик төрлийн бодисын хэрэглээтэй болж байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд энэ төрлийн мэдлэг ойлголт муутайгаас гадна зөвхөн баян айлын хүүхдүүд хэрэглэдэг гэж буруу ойлголттой байх хооронд хар тамхи гэдэг зүйл айл бүрийн хаалгыг тогшиход бэлэн болсон байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 10 хүүхэд тутмын долоо нь сониуч зангаасаа болж бусдыг даган дуурайж гэмт хэрэгт холбогдож байна. Мөн 10 хүүхэд тутмын дөрөв нь чөлөөт цаг ихтэй ямар нэгэн урлаг, спортоор хичээллэдэггүй, эцэг эхийн хараа хяналт сул хүүхдүүд байгаа юм. Харин хоёр хүүхэд тутмын нэг нь буруу эх сурвалжаас буюу найз нөхдөөсөө мэдээлэл авч хэрэглэгч болж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, энэ талын мэдлэг ойлголтыг өгч, ямар ч тохиолдолд хар тамхи хэрэглэхгүй байх дархлаатай болгох хэрэгтэй. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнууд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх урлаг спортоор хичээллүүлэх боломжийг нь хангах хэрэгтэй байна” гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд хар тамхитай холбоотой гэмт хэрэг жилд дунджаар 25-66 хувиар өсөж байна. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 82 гэмт хэрэг, 56 яллагдагч бүртгэгджээ. Харин 12.317 хүний нэг удаагийн хэрэглээний бодисыг хураан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хар тамхи мөнгөтэй хүмүүсийн хэрэглээ биш
Иргэдийн дунд хар тамхи бол мөнгөтэй хүмүүсийн хэрэглэдэг зүйл гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь эдгээр гэмт хэргийн 70 орчим хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг зэрлэг маалинга цуглуулах, бэлтгэж, хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Харин 25 хувь нь синтетик мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэнтэй холбоотой байгаа юм. Үлдсэн таван хувь нь эм, эмнэлгийн бодис хэрэглэж мансуурч байна. Хүн амын эмчилгээнд хэрэглэдэг мансууруулах үйлчилгээтэй 13, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй 33 буюу 46 төрлийн эрүүл мэндийн сайдын 2015 оны 68 дугаар тушаалаар батлагдсан хавсралтад заасан эм байдаг. Эдгээр эм, тариаг эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналт дор хэрэглэх ёстой. Гэтэл эмчилгээний явцад тухайн эм тарианы донтолт үүсэж эсвэл олдоц ихтэй эмнэлгийн байгууллагын хяналт сул байдлыг ашиглан эм тариаг олж авч урвуулан хэрэглэх байдлаар хэрэглэж мансуурдаг хэрэглэгч, донтогч нар бий болжээ. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүд эм, тариаг урвуулан хэрэглэж мансуурч байна. ГССҮТ-ийн гар сарвууны тасгийн өгсөн мэдээгээр 45 хүүхэд гар хуруугаа тайруулж, 13 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүнээс гадна насанд хүрээгүй 61 хүүхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн байна. Санаа зовоож буй чиг хандлага нь мансууруулах бодис гэж зохицуулагдаагүй, ихэвчлэн энгийн эмнэлгийн зорилгоор заасан боловч хууль бус хэрэглээнд ашигладаг. Хувь хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах гэмт хэрэг, гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа нь хурцадмаар асуудалд дохио өгч байна.
Кэйс 1
Хоёр жилийн хугацаанд нэг айлын өсвөр насны ах дүү хоёр хар тамхи хэрэглэсэн байсан боловч ээж нь мэдээгүй. Харин цагдаад хүүхэд нь баригдаад явсны дараа л ээж нь хүүхдүүдээ хар тамхичин болсныг мэджээ. Энэ хоёр жилийн хугацаанд тухайн хүүхдүүд байрныхаа болон хамаатан садан, ангийнхан зэрэг 21 хүүхдэд хар тамхи хэрэглэхийг зааж өгч хэрэглүүлсэн байна.
Кэйс 2
2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр БЗД-ийн 14 дүгээр хороонд 14 настай хүүхэд хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байх үедээ 13 настай эрэгтэй хүүхдийг 45 удаа, төрсөн эгчийг нь буюу 14 настай эмэгтэй хүүхдийг 54 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг бүртгэгдсэн.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарах анхаарлаа сайжруулж, ажиглах хэрэгтэй. Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүний хувьд хамгийн түрүүнд биеийн байдал өөрчлөгддөг. Нүд болоод хүүхэн хараа томордог. Архи согтууруулах ундаа үнэртэхгүй байгаа хэрнээ гуйвж дайвж биеэ авч явах. Мөн ил харагдах шууд таньж мэдэх бололцоотой шинж тэмдгүүд үүсдэг. Үүнд бөөлжих, огих, гүйлгэх шинж тэмдгүүд илэрнэ. Ам цангах, зүрх дэлсэх, толгой өвдөх, нойр хоолны байдал нь маш их өөрчлөгддөг. Тодруулбал, сэргээшний төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд олон хоног унтахгүй, юм идэхгүй байдаг. Харин тайвшруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд олон хоногоор унтах, хэл яриа нь ээдэрдэг. Нүдний салстууд улайж олон хоногоор арилахгүй байх юм бол сэжиглэх хэрэгтэй гэж Хар тамхитай тэмцэх газраас анхаарууллаа.
Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн бол Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хандах нь зүйтэй
Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис санаатай болон санамсаргүй тохиолдлоор хэрэглэсэн хэрнээ хаана хандахаа мэдэхгүй тохиолдол гардаг байна. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батхуяг “Хэрэв таны хүүхэд болон ойр дотны хэн нэгэн хар тамхи хэрэглэсэн бол Цагдаагийн байгууллагад сайн дураараа хандаж шалгуулсан тохиолдолд ямар нэгэн эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдоггүй. Мөн хэрэглэж байсан эм бодисоо сайн дураар гаргаж өгөх, гэмт этгээдүүдийг зааж өгсөн, хамтран ажилласан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гээд заачихсан байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авах нь зүйтэй гэж иргэдэд хэлмээр байна. Цагдаагийн ерөнхий газрын “Хар тамхитай тэмцэх газар”-ын пэйж хуудас, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх 116 тусгай дугаарын утас болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Таны хүүхэд хар тамхи хэрэглэсэн бол эдгэрэх магадлал ердөө тавхан хувь
Дэлхий нийтэд мансууруулах донгоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бүх нийтээр яригддаг. Өндөр хөгжилтэй улс оронд ч дээд тал нь таван хувийн эмчилгээний магадлалтай байдаг аж. Тэгэхээр 95 хувь нь эмчлэгдэх боломжгүй байгаа учир энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн чухал арга юм. Мансууруулах, сэтгэц эмгэгт нөлөөлөх, олон улсын хяналтад ороогүй 560 гаруй бодис байдаг ч эдгээрт зөвхөн нэг л эмчилгээ байдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлж энэ төрлийн мэдээлэлтэй байх нь өөрийгөө хамгаалах нэг арга хэлбэр юм.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER MANSYYRU VANXANSI XALYYXN SEKDI80955877BOOW XXN