УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Төрийн ордон дахь өөрийнхөө өрөөнд хэвлэлийн хурал хийлээ.  Түүний хэлж буйгаар АН-ын дотоод сонгууль зохион байгуулах 30 хүний бүрэлдэхүүнтэй хорооноос АН-ын даргад нэр дэвшиж буй улс төрч уг сонгуулийг зохион байгуулах нийт зардлын 10 хувийг хувиасаа гарган намынхаа дансанд дэнчин болгож байршуулах шаардлага тавьжээ.
 
АН-ын даргын сонгуулийн зардалд нийт 2.5-2.8 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд өөрөөр хэлбэл  АН-ын даргад нэр дэвшихийн тулд 250 сая төгрөгийн төлбөр төлөх юм байна. Ж.Батзандан энэ тухай: "АН-ынхаа дотоод асуудлыг ярилаа гэж зарим  хүмүүс надад уурлах байх.
 
Гэхдээ АН-ын дотоод асуудал бол Монголын  л асуудал. Намын даргад өрсөлдөхийн тулд өгөх мөнгийг 250-500 сая төгрөг болгож байгаа нь энэ намын  залуу гишүүнийхээ сонгох, сонгогдох эрхийг  хааж байгаа хэлбэр. Ж.Батзандан миний бие шиг хүнийг АН-ын даргад нэр дэвшихийг нь хааж, Монгол орны өнцөг булан бүрт архи зардаг Г.Батхүү шиг хүнд боломж олгож байгаа хэрэг. Ер нь улсын хэмжээний сонгуулиас өндөр өртөгтэй намын сонгууль байж болохгүй.
 
Орчин үед бүх хүн утас хэрэглэж байна. Санал хураалтын аппликэшн хийгээд санал хурааж ч болно шүү дээ . Иймээс би АН-ын удирдлагад хандан намын даргад өрсөлдөхийн тулд өгөх  дэнчингийн мөнгөө багасгах шаардлага хүргүүлж байна. АН-д мөнгөтэй хуучин олигархиуд их. Тэдэнд боломж олгох ёсгүй. Надад бэлэн гаргаад өгчих 250 сая төгрөг байхгүй" гэв.