“Харьд одсон Монгол иргэн амиа алджээ”, “Хүний наймаа, хар тамхины хэрэгт холбогдлоо” гэсэн бараан мэдээлэл сүүлийн жилүүдэд тасрахаа болилоо.

Сайхан амьдрал мөрөөдөн хар бор ажил хийхээр гадаадын орнуудыг зорьдог ч замаасаа хазайж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эндүү бодолд автагдаж гэмт хэргийн золиос болдог бололтой.Ийм гашуун явдал олонтой тохиов. Хамгийн сүүлийн жишээ, Монголын нэг иргэн Бүгд найрамдах Филиппин Улсад 1996 оноос хойш  хууль бусаар  амьдарч сүүлдээ паспорт бичиг баримт, буцах зардалгүй болж Монголоосоо тусламж гуйхад хүрчээ. Олон жил гадаадад бүтэх, бүтэхгүй ажил хийж, хууль бусаар амьдарсан түүнийг Монголын төр 20 сая гаруй төгрөг төлөн байж эх оронд нь авчирсан тухай албаны эх сурвалж ам алдлаа. Түүнийг Д.Энх-Амар гэдэг.Тэрбээр эх орноосоо гарч гадаадыг зорьсоноосоо хойш 20 гаруй жил Малайз, Макао, Филиппин зэрэг орнуудыг дамжин амьдарч ирсэн байна.Өнөө л манай Монголчуудын очих дуртай, гэмт хэрэгт байнга холбогдчих гээд байдаг улс орнуудад хууль бусаар амьдарчээ.Өөрөө ч нэлээд болдоггүй нэгэн гэнэ. Олон орны хил, гааль, хуулийг нь зөрчин амьдарч ирсэн түүнийг Монгол Улс ийнхүү 20 гаруй сая төгрөг төлж авчирсан нь харамсалтай биш гэж үү. Иймэрхүү тохиолдол анхных биш учраас эгдүүцэх шалтгаан байна.

Монголын иргэн Ш.Алтантуяа Малайзийн иргэн, тус улсын томоохон бизнесмэн Разак Багиндагийн гарт зэрлэгээр амиа алдсан гашуун сургамж бий.Монгол хүний амь үнэтэй, хүнээ хамгаалах ёстой гэсэн өр нимгэн сэтгэлээр хандаж Монголын төр чадахаараа тусласан.Өмгөөллийн зардал, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гээд хөрөнгө мөнгө ч зарцуулсан нь бий.Малайзын төр засагийн хүрээнд ярьж, улс төрийн оролдлого ч гаргасан байдаг.Гэвч үр дүн нь тааруухан гарсаныг бид мэднэ. Мөн  манай улсын иргэн Б.Энхтуяа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд Малайз улсад учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Иргэнийхээ эрхийг хамгаалах гэж Монголын Засгийн газар, Гадаад харилцааны яам, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарал хандуулсан. Манай цагдаагийн байгууллага Б.Энхтуяагийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажилласан ч үр дүнгээ өгсөнгүй. Хэргийг илрүүлэх үйл явц тааруухан байгаа гэнэ билээ. Энэ мэт манай иргэд хохирч үлдсэн явдал олон бий.

Хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж иргэнийхээ эрхийг хамгаалахын төлөө Монголын төр хичээл зүтгэл гаргадаг ч үр дүн нь эсрэгээр гардаг нь цаанаа шалттгаантай.Хар тамхины наймаа, мафийн сүлжээнд оролцсон, биеэ үнэлдэг байсан гээд болдоггүй байсан учраас талийгаачдын хэрэг замхарах сэжим болдог бололтой.Хэргийг үйлдсэн эзэн холбогдогч нь тодорхой ч энэ мэт муу нэр, луу данстайгаасаа болоод амиа алдсан манай иргэд л хохирч үлджээ. Энэ мэт гашуун явдал цаашид үргэлжлэх үгүйсгэхгүй. Амиа алдсан, эрхээ зөрчүүлсэн иргэнээ  Монголчууд өмөөрөх нь зүйн хэрэг. Гэхдээ хөрөнгө мөнгө зарцуулсан ч эргээд үр дүн гарахгүй байгаа нь бас харамсал төрмөөр.Гадаад гарч, хууль зөрчин амьдарч эцэст нь ар гэрийнхнээсээ тусламж гуйдаг, Монголоо хохироодог байж болох уу.Эцийн эцэст амиа алдсан, амьд мэнд эх орондоо ирсэн хоёрын цаана ганцхан шалтгаан байна. Ажил хөдөлмөр хийж, амьдралаа залгуулах гэсэн Монголчууд маань зорилгоосоо буцаж, амар хялбар аргаар мөнгө олох гэж мөрөөссөн нь эргээд гэмт хэргийн золиос болох ар гэр, улсынхаа эдийн засгийг ч хохирооч байна. Иймээс Монголчууд тухайн улсынхаа ёсыг нь дагаж, усыг нь ууж амьдармаар байна.Хохирсон иргэн бүрийнхээ хойноос Монгол Улс хөрөнгө мөнгө зарцуулсаар байвал яах вэ.“Хохино” гээд тоохгүй өнгөрөөх, өмгөөлөөд эрхийг нь хамгаалахад бас хэцүү байна шүү.Тэгэхээр Монголчууд хүний газар нэрээ бодож л амьдармаар байна.

 

Т.АМАРТҮВШИН