Сүүлийн үед охид, бүсгүйчүүд тамхи ихээр татах болсон. Харин тамхи татах үгүй нь хувь хүний эрхийн асуудал. Тэд тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг ч мэддэг. Тэглээ гээд хувь хүнийг дайрч гүйтгэсэн өнгө аястай мэдээлэл цацаж болохгүй л баймаарсан.

Гэтэл өчигдөр цахим сайтуудаар "Тамхи татдаг бүсгүйг үнсэх нь үнсний сав долоож байгаатай адил" гэх мэдээ гарсан юм. Уг мэдээндээ "охид бүсгүйчүүдийн тамхинд орох бас түүнийг шохоорхох нь манай урлаг соёлын одуудаас ирээхэн шалтгаалдаг гэнэ шүү.  Мэдээж олон нийтийн танил одыг дуурайж, тэд нар шиг гоё сайхан харагдах гэсэн охидууд тэднийг дуурайн янжуур зуух нь элбэг. Ялангуяа урлаг соёлын одуудыг дуурайх нь элбэг байгааг судлаачид тогтоосон байдаг. Тухайлбал, манай нэртэй жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, продюсер Л.Мандах Улстөр судлаач Л.Эрдэнэтуул, загвар зохион бүтээгч Н.Соёлмаа, залуу жүжигчин А.Ганчимэг гээд тамхи татдаг олны танил бүсгүйчүүд олон" хэмээн бичжээ.

Олны танил болоод иргэн хүн тамхи татсан ч ийн овог нэртэйн зураг хөрөгтэй нь олон нийтэд тарааж хувь хүний эрхэнд халдсан уг мэдээ нь олон хүний дургүйцлийг төрүүлээд авсан.

Жүжигчин А.Ганчимэгийн хувьд л гэхэд тамхи татдаггүй аж. Энэ талаар жүжигчин У.Уранчимэг "Ямар муухай шударга бус юм бэ? Хэзээ ч тамхи татдаггүй. Бүр хэзээ ч шүү... жүжигчин хүн тоглож буй дүр нь тамхи татдаг бол тэрнийг чинь найруулагчийн зөвшөөрөлтэй хэрэглэдэг юм. Харин Ганчимэг тамхи татдаг дүрд ч тоглож байгаагүйг би мэднэ" гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Харин жүжигчин А.Ганчимэг "Би тамхи татдаггүй шүү дээ. Хүнийг харсан юм шиг бичих юм аа" гэж хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана