Айх юм. Аргаа бар­сандаа аль эсвэл аашилж загнуулсандаа ч биш. Бусдын зовлонгийн тухай цуглуулга мэт мэдээллийг унших бүрт “Ирээдүйд яах бол” гэсэн айдас зүрхийг өвтгөнө.

Тэр хэрээр ирээдүйг харах нүд түгшүүрт автаж, зүрх өвдөнө. Хэлд ороогүй үрийнхээ төлөө, хэзээ ч нүүр тулж уулзаагүй ирээдүй үеийнхний төлөө...Учир нь ирээдүйг өнөөдөр айдсаар зурж үзсэн юм. Тэр үед тэднийг хэн гараас нь хөтлөх бол. Хэн тэдний зүрх сэтгэлийг хөглөх бол. Хэн тэдэнд “Хайртай”  гэж хэлэх бол. Тэд хэнтэй амьдрах бол. Тэдний дунд миний хүү хэн байх бол. Өдөр бүр минут, секунд бүр ингэж бодохгүй ч гэсэн айх айдас тэртээ олон жилийн дараах ирээдүй рүү хөтлөх нь хэцүү юм. Та бидний эргэн тойронд адгууснууд эргэлдэж байгаа болохоор тэр. Тэд та бидний зүрх сэтгэл рүү зөвхөн муу үгийг сүвлээд зогсохгүй амь насанд нь хэрцгийлэн халдах болж. Ингэх, ингэхдээ тэд нэг л өдөр хайрлаж байсан бүсгүйнхээ амь насыг бүрэлгэчихлээ. Хайртай түүнийхээ аав, ээж, ах эгч, дүүг хөнөөчихлөө.

Нэг л өдөр хайрлаж дурлаж байсан тэр ариун бүхнээ алуурчны намтраар сольчихлоо.

Уг нь тэдэнд дэндүүгээс дэндүү гэмээр хайрламаар, нандигнамаар гоё өдрүүд нэг бус байсан л байж таараа. Хайр, дурлалдаа шатсан тэр бүсгүйн амнаас “Бид хүүхэдтэй болох нь” гэсэн үг ямар гоёор урсч гарсан бол. Тэр үгэнд эр нөхөр нь ямар их баярлаж, догдолж, амьдралынхаа тухай олон сайхан мөрөөдлийг ургуулж бодсон бол. Үдэш бүр мөрөөдлөө зурж, гудамжаар хөтлөлцөн алхахдаа тэд ирээдүйд хэрхэн амьдрахаа ямар гоё халуун, дулаанаар ярилцаж байсан бол. Хамтдаа үзсэн кино, хамтдаа тэмдэглэсэн төрсөн өдөр, хамтдаа өнгөрүүлсэн үдшүүд, хамтдаа давж туулсан саад бэрхшээл... Хоёрын хоёр хүүхдийн эцэг эх болтлоо амьдарсан тэдний амьдралд хамгаалж үлдэхгүй байхын аргагүй нандин бүхэн байсан л байж таараа. Түүнийгээ харах бүрт хөглөгддөг хөнгөн мэдрэмж, түүнээсээ салах бүрт нь сэргэдэг санах сэтгэл... Түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болтлоо ээнэгшиж дассан хайр... Хаа нэгтээ муудалцсан ч түүнийгээ мартаж эрхэлж, сэрдэг тийм л амьдрал...Хажууд нь харж зогсоогүй ч гэсэн тэдэнд ийм амьдрал, ийм хайр, ийм дурсамж байсан л байж таараа. Нэг л өдөр алуурчин болж хувирахыг нь мэдээгүй тэр бүсгүйн сэтгэлд ямар гоё мөрөөдлүүд байсан бол. Нэг л өдөр алуурчин болохыг нь тааварлаагүй хадмууд нь сэтгэлдээ охиныхоо жаргалтай ирээдүйг хэрхэн зурж суусан бол. Ингэж бодох бүрт айх юм.

Эргээд л хүүхдийнхээ төлөө, хүүхдүүдийн төлөө... Хүүгээ “Сайн хүн болно” гэдэгт итгэх итгэл минь саарахгүй ч гэсэн хажууд нь хэн зогсох бол... Хэрэв охин хүүхэдтэй бол “Ямар л хүнтэй суух бол” хэмээн илүү их айх байсан биз. Тийм ч учраас хаяахан уулздаг найз нөхөд маань бүгд л тоглоом, шоглоомоор “Чиний хүүтэй охиноо суулгана. Танай охинтой хүүгээ суулгана” гэж инээлдэх болж. Хэдийгээр энэ яриа өнөөдөртөө инээдэм, наргиа мэт санагдах ч ирээдүйгээс айсан айдсын л нэг илрэл юм. Өлгийтэй хүүхдээ эр хүн, эмэгтэй хүн гэдгээр нь харж төвдөхгүй эрхлүүлдэг ч гэлээ амьдралынх нь бартааг авч хаяхыг аав, ээж бүр хүсдэг. Торж унах вий гэсэндээ тоглоомыг нь хураана. Тоглоомоороо нүүрээ гэмтээнэ гэж болгоомжилсондоо аль болох зөөлөн, хөнгөхнийг нь сонгоно. Айж, цочихоос нь хамгаалж зурагтынхаа дууг багасгана. Танихгүй хүнээс хөсөх вий гэхдээ олон хөлийн газраас зугтана.

Аав байсан нь үнэн юм гэсэндээ адгийн тэр алуурчинд бусдын адил ийм болгоомжлол төрдөг л байсан байх. Анхнаасаа хайрлах сэтгэл нүүр буруулчихаагүй юм бол шүү дээ. Харин хайртай бүсгүй рүүгээ, хадмууд руугаа бензин цацаж, шүдэнз зурж байхдаа чухам юу бодож байсан юм бол. Тэр бүхнийг хийхээр бэлтгэж байхдаа, бодож төлөвлөж байхдаа тэр хэн болчихсон байсан юм бол... Ингэж бодохоор нөгөө айдас дахиад л ирээдүйд итгэх итгэлийг хөсөрдүүлнэ. Уншигч та бодоод үзээрэй. Нэг л өдөр гэрийн тань хаалгаар ичингүйрэн орж ирэх тэр залуу, тэр бүсгүй чухам хэн юм бол... Түүнийг таньж мэдэхийн тулд, таарж тохирохыг нь асуухын тулд та лав лам хар, бөө энэ тэр дээр очиж таараа. Тэд нь нэг үг хэлж таараа. Асуудал тэгс хийгээд шийдэгдэнэ. Амьдралын үргэлжлэл бол таашгүй.

Нэг их намрын нартай өдөр та гэрийнх нь хиймориос

“Үрээ танихгүй өнөр болж

Үрээгээ танихгүй баян болог

Найтаг зандан ширээн дээрээс нь

Найман төрлийн идээ салдаггүй

Авдар, өвөр хоёроос нь

Алт мөнгө хойгодоггүй

Азийн тэнгэр ивээж яваг...” хэмээн ерөөл өргөлөө гэхэд маргааш нь юу болох бол...Магадгүй арван жилийн дараа... Иймд тэр бүхнээс айх айдсаа хүнтэй сууж, хүүхэд төрүүлэхийг хориглох хориглолтоор соливол яадаг бол. Арай ч бас хатуухан санагдаж байж болно. Гэхдээ л алуурчны гарт амийг нь өгч байхаар хажуудаа хав дарахыг чухалчлах сэтгэл эх хүнээс гарахгүй гэх үндэсгүй л болов уу. Ингэж бичлээ гээд ирээдүйдээ итгэх итгэлээ үндсээр нь алдсан мэт ойлгогдож болох ч итгэл алдагчдыг эмчлэх эмчилгээг өнөөдөртөө олж нэгээгүй байгаад л асуудлын гол нь оршиж буй. Эцэст нь бүх монгол хүнд муу, муухайгийн вирус халдварлаагүй гэдэгт итгэх итгэл минь арай ч бас устаж алга болоогүй гэдгийг онцлоё. Гол нь одооноос хүндээ, хүнийхээ сэтгэлийг эмнэх эмчилгээг монгол хүний сэтгэхүйд зориулан нээн илрүүлэх цаг ирсэн бололтой юм. Төр нь хүндээ, хүн нь хүндээ хайртай байг ээ. 

 

Г.Отгонжаргал